DC комик ертөнцийн цаг хугацааны үечлэл
DC комик ертөнцийн цаг хугацааны үечлэлийн тухай нэг их нуршихгүй, товч тодорхой тайлбарлая.
Үүсэл
1934 оны тэр намар энтэрпрээнэр Malcolm Wheeler-Nicholson гэж нөхөр National Allied Publications /Үндэсний нэгдсэн хэвлэл/ гээчийг байгуулав. 35 оны эхээр New Fun: The Big Comic Magazine #1-ийг анх гаргаж, тус оны сүүлээр New Comics #1 нэртэйгээр гаргах болов. Ингэхдээ комик хэвлэлийн хуудасны хэмжээг өөрчилж дараагийн алтан үеийн хэвлэлийн хуудасны хэмжээтэй ойролцоо болов. 36 онд нэр өөрчлөгдөн Detective Comics болж, Detective Comics, Inc. байгуулагдахад, Batman-ы нэртэй антологи шуугиулж байлаа.
Detective Comics, Inc. маань Action Comics нэртэйгээр комикуудаа гаргаж, Superman-ыг танилцуулахад, тухайн үед алдартай байсан Batman, Sandman зэрэг дүрүүдийг давсан үзүүлэлтийг олжихуй.
Golden Age /Алтан үе/
1930-аад оны сүүлээс 1950-аад оны эхэн хүртэл гарсан Америк дахь комик номын үеийг орчин үеийн комик цувралын эринг эхлүүлсэн хэмээн үзэж "Алтан үе" хэмээн нэрийдсэн байдаг. Энэ үес гэмт хэрэгтнүүдийг шийтгэж, дотроо ч бас нэлээн асуудалтай байж, өөрийн ертөнцдөө түүхээ бүтээж явсан баатрууд Wonder Woman, Superman. Batman, Captain Marvel /Одоо бол Shazam гэдгээрээ алдартай./ эдүгээ дэлгэцийн дүрд амилжээ /Shazam 2019 онд кино гарахаар төлөвлөж байна./.
Энэ үеийг эхлүүлсэн debut нь Action Comics #1 комик дээр Superman-ы үзэгдэл байсан байгаам. Superman-ы нэр хүнд комик номыг томоохон хэвлэлийн нэгт багтаасан байдаг.
Дэлхийн хоёр дугаар дайны үе байсныг хэлэх үү, комик цуврал цаг үеэ мэдэрчихсэн, оргилж явсныг ч дурсах уу, тухайн цаг үеийн үзэл суртлын хүчтэй зэвсэг байсан байнам. Wonder Woman Айнштайныг авраад л, Shazam Хитлерийг цохьтол өнөөх нь хана цөмөлж ороод л.
Дайн дууссаны дараа хүйтэн дайны үе эхэлж атомын зэвсгийн хор хөнөөлийг нийтэд таниулах чухал шаардлага гарсныг комик номоор дамжуулан амжилттай хэрэгжүүлж байжээ. Комик ном ч найман настай балчраас наян хэдтэй хөгшин төгцөг би хүртэл бүгд уншихаар хүртээлтэй болж. Улсын зүгээс цензур их байснаас комикийн нүүр хуудасны зургийг маш бодлоготойгоор сонгодог байж.
40-өөд оны сүүлээр супер баатруудын алдар хүнд багасаж эхэлмэгц гялс шинжлэх ухааны уран зөгнөл, барууны, хошин, ромаанс сэдвүүдээс зуурсан түүхтэй. Гэмт хэрэг, аймшгийн жанр ийнхүү монополи сэдэв байхаа болилоо.
The Silver Age /Мөнгөн үе/
1950-аад оны дундуур DC-н Showcase #4 комикоор Flash-ыг танилцуулснаар энэ үе эхэлсийм. Martian Manhunter гэж миний хамгийн дуртай баатруудын нэг энэ үед дэлхий дээр анх бууж байлаа. Комик түүхүүдээ нэлээн шинэчилж, олон шинэ дүр нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор multiverse буюу зэрэгцээ ертөнц гэх ойлголт үүссэн билээ. Энэ үеийн Марвелын шилдэг комик зохиогч, амьд домог Stan Lee-тэй уулзах нь комик сонирхон уншигчдын нэгэн мөрөөдөл нь байдаг юм.
The Bronze Age /Хүрэл үе/
Анхны хар арьст супербаатрууд энэ үед /1970-1985/ анх танилцуулагдсан шүү нтр. DC анхны киногоо хийж, DC болон Marvel crossover туршилтуудаа хийснээр Superman болон Spiderman хоорондоо тулалдах боломжтой болсон. Супер баатруудтай комик цувралаас гадна алдарт Godzilla, Star Trek, Star Wars, Transformers, Indiana Jones зэрэг олон комик гарч байв. Бүгдэнгийнх нь сонсохыг хүсэж байгаа нэр, Joker бас энэ үед төржихүй. DC комиксоос Watchmen комикийг гаргаж эхэлснээр комикийн дараагийн үе рүү шилжихэд хүргэсэн юм.
Modern Age /Орчин үе/
Энэ үе бүхэлдээ өөрчлөлтийн үе байлаа. Batman: The Dark Knight Returns, Watchmen хоёр гарч эхэлснээр энэ үеийн гол онцлогийг anti-heroes-ын сэргэлт болгосон юм. Хоёулаа нэлээн баргар үйл явдалтай, философилог, ёс зүйн асуудлуудыг хөндсөн зохиолтой байдаг. Crisis on Infinite Earths комик гарснаар олон өөр зохиолтой баатруудыг цэгцлэх боломж гарсны үр дүнд Supergirl, Barry Allen нар үхэв. 2011 онд Flashpoint цагийн шугамд зориулан, гаргаж байсан 52 комикоо reboot хийж, дүрүүд шинэ түүх, шинэ загваруудтай болгосныг "New 52" нэрээр нь олон түмэн мэднэ ээ. Эмэгтэй дүрүүдийг oversexualize хийж байна, хүүхдүүдэд буруу үлгэр дуурайл үзүүллээ гэж олон шүүмжлэгчид шүүмжилсэн дээ.
Бичиж байх үедээ олон удаа устгаснаас болоод залхуурсаар, бага багаар товчхон болоод л байлаа. Уул нь хүйтэн дайн, улсуудын тухайн үеийн нөхцөл байдал, харилцаанаас шалтгаалаад комикт ямар ямар нарийн ялгаа гарч байв энэ тэрийг бичээд, манганы талаар ч нэлээн дурдаад явж байсан, өнгөрлөө өнгөрлөө.
Тайлбар түүх бичсэн: Зоригт Жаргалсайхан
Comments
Post a Comment