Эртний Грек ба тухайн үеийн уран зохиол
Нэг хүн эртний Грекийн миф /Эртний Грекийн түүхэн үлгэр домог/ үлгэрээс сэдэвлэсэн Бага Азийн сохор дууч Хомер /Зарим ном хэвлэлд Орос хэлний авиа ондоошуулж авсан хувилбараас буюу Homer гэснийг Гомер гэж бичсэн хувилбараас авсан ч энэ удаад Орос үг зээлдэлгүй Хомер хэмээн бичив/-ын бичсэн Илиада зохиолын талаар асуусан тул Нэн эртний болон эртний Грекийн түүх, соёлын олон мифүүдийн чухал хувилбарууд /Эртний Грекийн уран зохиол, түүх соёлыг судлахад тулгардаг нэг бэрхшээлтэй зүйл нь нэг зүйлийн үүсэл гарлыг олон хувилбартай миф үлгэрүүдээр тайлбарласан байдаг/-ыг сонгон авч дэлгэрэнгүй бичихээр шийдлээ. Бичих явцад өөрийн судалж мэдсэн, сонирхолтой баримт, мэдээллүүдийг хавсаргав.
Энэ бүхэн орчлон ертөнц гэж байгаагүй буюу газар дэлхий үүсээгүй бүх зүйл нэг цөм байсан гэж эхэлнэ. Шинжлэх ухаанд өмнө нь байгаагүй химийн элементүүд их тэсрэлтийн үед үүссэн гэж үздэг. Харин энэхүү Хаос буюу эмх замбараагүй цөм тэсэрснээр газар ба тэнгэр үүссэн гэж үздэгээрээ ижил төстэй. Газрын эзэн нь охин тэнгэр Гея, харин тэнгэрийн эзэн нь Уран юм. Ийнхүү Хаос нь бүх зүйлийн, амьдралын эх үүсвэр болно. Удалгүй Гея болон Ураны дундаас Титанууд гэх аврага биетнүүд төржээ. Тэдгээр нь маш хүчтэй, ухаалаг байсан учраас Уран өөрийн байрь сууриа Титануудад алдахаас айж тэднийг газрын гүн дэхь гянданд хорьдог. Гэвч тэдний дунд хүч чадал, оюун ухаанаараа бусдаас илүү Крон...
/Грекээр Кронос. Тухайн үеийн Грекийн газар нутгаас шалтгаалж нэрийн төгсгөл өөр өөр байж. Доор нэрийн ерөнхий төгсгөл, газар нутаг, жишээ сэлтийг цухас дурдав. Төгсгөл бүр дотроо хэд хэдэн хувилбартайгаар бичигддэгийг анхаараарай.
Төгсгөл - Газар нутаг - Жишээ
-atos - Cephalonia буюу Ionian арлууд. - Nikoletos, Stefanatos, Georgatos
-opoulos - Peloponne - Kanellopoulos, Papadopoulos, Spyropoulos
-akis - Crete арал - Katrakis, Nikolakakis, Papadrakakis
-ellis - Mytilene - Stefanellis, Georgallis, Kanellis
-akos - Mani Peninsula - Kyrgiakos, Xarhakos
-oglou - Бага Ази - Diamantoglou, Patsatzoglou, Tsolakoglou
-akos - Спарт- Mavrakos
...гэгч Титан байжээ. Крон бусад Титануудаа шоронгоос суллаж, тэнгэр эцэгтэйгээ тэмцэлдэн өөрөө тэнгэр болжээ. Тухайн үед дэлхий дээрх зүйлс бүгд тэнгэргүй байв. Кроны бага хүү болох Зевс эцгийгээ дууриасан хүчирхэг, ухаалаг нэгэн байсан ч харгис хэрцгий зантай тул дахин дайн өдөөж эцгийнхээ оронд хаан ширээнд суудаг. Хаан ширээнд суусан Зевс өөрийн гэр бүл болон дагалдагч нарыг тэнгэрүүд болгон өргөмжилжээ. Тухайлбал:
Зевс өөрөө - Аянга цахилгааны тэнгэр
Эхнэр Хера - Огторгуйн эзэн, охин тэнгэр
Дүү Посейдон - Тэнгис, далайн эзэн
Дүү Анд - Энхжингийн орон
Энэ хоёр төрсөн дүү нь биш юм.
Ах Хадес - Муу санаатай тул газрын мухарт амьдардаг муу ёрын тэнгэр
Немезис - Өш хонзон, ял шийтгэлийн тэнгэр
Аполлон - Яруу найраг, гэрлийн тэнгэр болж, Шинжлэх ухаан болон Урлагийн салбаруудын тэнгэрийг захирна.
Хазгар Гифест - Гал ба уран дархны тэнгэр
Афродита - Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр
Арес - Дайны тэнгэр
Афина - Мэргэн ухааны тэнгэр, Нэхмэлийн үйлдвэрийн тэнгэр
Деметра - Тариалангийн тэнгэр
Дионис - Дарсны тэнгэр
Хермес - Худалдааны тэнгэр
Артемида - Ангийн тэнгэр
Эол - Салхины тэнгэр
Герфест - Элч тэнгэр
Эрида - Хэрүүлийн тэнгэр
Эрхт тэнгэр болон хүчний тэнгэр нь Зевсийн туслахууд бөгөөд Зевсийн эрх, хүч хоёр юм.
Эртний Ромчууд нь мөн үүнтэй адил олон тэнгэрийг шүтэх ёсонтой. Жишээ нь:
Дөнгөж төрсөн хүүхдийг 43 тэнгэр сахьдаг гэдэг. Анхны уйлалтын тэнгэр, өлгийн тэнгэр, нялх хүүхдийн ес дэхь өдрийн тэнгэр /Нялх хүүхдийг төрснөөс хойш ес хоногийн дараа баяр, наадам маягийн зүйл хийдэг байж/ гэх мэт.
Үйлс эхлэх тэнгэр - Янус
Голомтын охин тэнгэр - Вест
Байгалийн үзэгдлийг удирдагч - Юпитер тэнгэр
Юпитерийн эхнэр Юнон - Айл гэрийн тэнгэр
Дайны тэнгэр - Марс болон Квирин гэх мэт зэрэг юм.
Ийнхүү олон тэнгэр бурхныг ёсыг политеизм /Олон тэнгэртэй/ гэнэ.
Хэрвээ та бүхэн ажигласан бол тэнгэрүүд яг л хүн шиг үхдэг, төрдөг, дайтдаг, бас өвчилдөг гэдгийг анзаарсан байх. Ийнхүү тэнгэрийг хүнтэй адилтгах, хүн мэт үзэхийг антропоморфизм гэнэ.
Одоо хүний үүслийн талаарх зарим ойролцоо төсөөт хувилбаруудыг авч үзье. Ерөнхий хоёр хувилбар байдаг нь хоёулаа Промотей /Хүнийг энэрэгч Титан/-тэй холбоотой. Хожим Промотейн мифээс санаа авч Эсхил гэгч зохиолчийн "Цовдлуулсан Промотей", хуучнаар бол "Хадмал Промотей" зохиол зохиогдсон байдаг.
1. Хүнийг анх Промотей шавраар хийж, ариун усаар угаан амь оруулаад оюун ухаан болон галыг өгсөн байдаг.
2. Хүнийг анх Гея ухаан муутай амьтан болгон бүтээсэн боловч Промотей үүнийг анзаарч мөн л оюун ухаанд сурган, галыг өгсөн байдаг.
Энэ хоёр хувилбарт давхцаж байгаа гол санаа бол хүмүүст гал өгсөн явдал. Промотей хүмүүст гал өгөхийн тулд Зевсийн цахилгааныг хулгайлж, гал гарган хүмүүст гал ашиглан амьдрах боломж олгожээ. Үүнийг мэдсэн Зевс ихэд хилэгнэж Промотейг шийтгэн Кавказын элгэн хаданд гал ба уран дархны тэнгэр Хазгар Гифестээр цовдлуулдаг. Одоо түр Промотейг орхиё. Хүн төрөлхтөн яагаад үймээн самуунтай болсон бэ? гэдгээс энэ хэсэгт хэд хэдэн хувилбар гарч ирнэ.
1. "Дөрвөн үеийн тухай миф"
Энэ үе нь Зевсийн эцэг Кроны үеэс эхэлсэн бөгөөд үе шаттайгаар хүн төрөлхтөн үймж самуурах болсон гэж үзжээ.
-Алтан үе /Аз жаргалын үе/
-Мөнгөн үе /Хэрүүл тэмцлийн үе/
-Зэсийн үе /Зэвсгийн үе/
-Төмөр үе /Мэхлэлт, дээрэм, алан хядлагын үе/
2. Промотейг шийтгэх үед хүмүүсийг шийтгэсэн тухай миф
Промотейг хүмүүст гал гаргаж өгснийг мэдсэн Зевс уурлахад, хорон санаат тэнгэрүүд хүнийг мөн адил гэсгээхийг хүсдэг. Ингээд хорон санаат тэнгэрүүд Зевсийн зөвшөөрлөөр бүхий л хорон санааг нэгэн хайрцагт хийж, Пандора хэмээх үзэсгэлэнт эхнэрийн гарт өгдөг. Пандора нь зүс царай шигээ маш их шуналтай бөгөөд тэр хайрцагт их эрдэнэс байгаа гэдэгт итгэн нээхэд хайрцагнаас маш их зовлон, муу муухай нисэн гарч дэлхий даяар түгсэн гэдэг.
Одоо эргээд Промотейн тухай асуудалдаа оръё. Промотейг дөрвөн мөчнөөс нь цовдлон, халуун наранд шарагдаж байхад махчин шувууд ирж биеийг нь идэж эхлэнэ. Эндээс бас нэгэн миф эхлэнэ. Эртний Грекийн домог мифүүдэд баатруудын тухай миф маш олон байдаг. Тэдгээрийн нэг нь "Хераклын тухай миф" бөгөөд төгсгөл хэсэгт бусад мифүүдийг авч үзье. Херакл нь газар газраар хэрэн хэсэж, аймшигт мангасуудыг устгадаг бөгөөд Зэс хошуут шувуу, Есөн толгойт могой, Аймшигт арслан зэрэг олон мангасуудыг устгаж буй талаар мифүүдэд гардаг. Мөн Геракл нь цовдлуулсан Промотейг олж хараад түүнийг идэж байсан махчин шувууг устгаж Промотейг аварч, сулладаг. Хэдий Геракл нь Промотейг сулласан ч, олон удаа гавьяа байгуулсан учир сайн санаат тэнгэрүүдийн ачаар тэнгэрүүдийн оронд очиж, тэнгэр болдог байна.
За одоо Бага Азийн Сохор Дууч Хомерын "Илиада" болон "Одиссей"-н талаар бичье.
Олон жил үргэлжилсэн Трой ба Грек хоорондын энэ дайныг тэнгэрүүд өөрсдөө зохион байгуулж, өөрсдөө оролцож, тэнгэрүүд өөр хоорондоо байлдаж байжээ. Зевс тэнгэр өөртөө далайн охин тэнгэр Фетедаг хатан болгож авах гэтэл Зөнч тэнгэр /Зарим тэнгэрүүдийн нэрийг мартжээ. Миний энэ мартамхай толгойг уу. Аргагүй л хөгширж дээ/:
-Та хоёрын дундаас гарсан хүү их дайныг өдөөж таны оронд хаан суух болно гэж зөгнөдөг. Үүнийг сонссон Зевс тэнгэр өөрийнх нь түүхийг хүү нь давтахаас айж , Фетеда тэнгэрийг хатнаа болгож авахаа болиод тухайн үеийн Фессал хэмээх томоохон хот-улсын хаан Пелейд хатан болгож өгчээ.
Их гай зовлонгоос өөрийгөө аварсан Зевс ч, охин тэнгэрийг хатан болгож авсан Пелей ч аль аль нь ихэд баярлан Олимп уулын бэлд маш том найр хийж гэнэ. Гэтэл Зевс найранд тэнгэрүүдийг урихдаа Хэрүүлийн тэнгэр Эридаг урилгүй үлдээжээ. Гэтэл Эрида үүнд уурлан ув улаан алим дээр "Бүгдээс гуа сайхан тэр охин тэнгэрт" гэж бичээд, охин тэнгэрүүдийн дунд шиджээ. Бүх охин тэнгэрүүд дундаас
-Мэргэн ухааны охин тэнгэр Афина
-Зевсийн хатан Хера
-Гоо үзэсгэлэнгийн охин тэнгэр Афродита гурвын нэг нь авахаар болжээ. Тэд хэргээ таслуулахаар Зевс дээр ирэхэд Зевс тэдний хэргийг таслахыг хүссэнгүй. Учир нь алийг нь сонгосон ч нөгөө хоёр нь ихэд гомдох тул амар сонголт байсангүй. Гэтэл муу санаат тэнгэр /Хэн нь ч билээ дээ/ өгүүлж гэнэ:
Алс газар Трой гэх улсад Тройн ханхүү Парис гэх сайхан залуу хонь хариулж явна. Түүгээр маргаанаа таслуул гэж хэлдэг. Үүнийг сонссон гурван охин Тэнгэр уулан дээр хонь хариулан яваа Парис дээр маргаанаа таслуулахаар очдог.
За одоо энэ хэсэгт яагаад Тройн ханхүү хонь хариулаад явж байгаа талаар бичье. Энэ нь Софоклын "Эдип хаан" зохиолтой төстэй бөгөөд энэ нь мөн л эртний мифээс сэдэвлэсэн зохиол юм. Тройн хаан Приамыг хүү төрүүлэх үед зөнч өвгөн:
Танай хүү улс, үндэстнээ ул мөргүй хөнөөх муу ёрын хүүхэд байна гэж хэлдэг. Эзэн хаан Приам үүнийг сонсоод хүүгээ алуулахаар хоньчиндоо өгөх бөгөөд нөгөө л бичигдээгүй хуулиар хоньчин нь хааныхаа хүүг хэзээ ч алдаггүй. Харин ч өөрөө тэжээдэг. /За эргээд маргаан руугаа оръё/.
Гурван охин тэнгэр Парис дээр очиж учир явдлыг тайлбарлаад ийнхүү хэлж гэнэ. Мэргэн ухааны тэнгэр Афина:
Хэрвээ чи намайг сонговол би чамд мэргэн ухааныг өгөх болно гэж гэнэ.
Зевсийн хатан Хера:
Би чамайг дэлхийн маш том хаан болгоно гэж гэнэ.
Харин гоо үзэсгэлэнгийн тэнгэр Афродита:
Хэрвээ чи намайг сонговол би чамд дэлхийн хамгийн сайхан эмэгтэй болох Спарт улсын хатан Еленаг авч өгье гэж гэнэ.
Парис угийн ухаан муутай, хулчгар зэрэг олон муу талуудтай тул үзэсгэлэнт хатныг авъя хэмээн Афродитаг сонгожээ. Энэ мөчөөс хойш Хера, Афина хоёр үргэлж Парис болон Тройчуудыг хорлохыг хүсэн, Афродита Парисын ивээгч тэнгэр болжээ. Гэвч Елена хатан аль хэдийн Менелей хааны эхнэр болсон тул Афродита Парисыг дагуулан явж, Еленаг хулгайлах төлөвлөгөө боловсруулж гэнэ.
Парис залуу Спартад очиж, хаан Менелейтэй найрлаж байх хооронд дайн болж Менелей хаан Парисыг үдэж өгөөрэй гэж зарц нартаа тушаагаад явж гэнэ. Энэ хооронд Афродита, Елена дээр очин Парисыг харах тэрхэн хугацаанд нь дурлуулж амжив. Ингээд нөгөө Парис, Елена хоёр маань Тройд очоод амар жимэр сууж байв.
Дайнаас эргэж ирсэн Менелей хаан Парист хорсон хатныхаа өшөөг авахаар шийднэ. Спартын хаан Менелейд бүх Грек даяар тусалсан бөгөөд энэ дайн арван жил үргэлжилснийг товчоор өгүүлсү.
Менелей хаан бүх цэргээ хөдөлгөн, өөрийн нь ах буюу Микений хаан Агамемнон их цэргийг удирдан явжээ. Мөн тэдэн дунд хамгийн хүчтэй баатруудын нь нэг Ахилл байсан байна. Ахилл үргэлж Тройн цэргүүдийг ялдаг байсан тул Тройчууд цайзаасаа ч цухуйхаа болив. Гэтэл Агамемнон Ахиллын олзолж авсан бүсгүйг булаан авснаас болоод Ахилл гомдон дайнд оролцохоо болив. /Ээ дээ. Энэ эмэгтэйчүүдээс юм юм л болох юм даа./ Тэгмэгц Тройн цэргүүд зориг орон Спартын цэргүүдийг ялж эхлэх болжээ. Гэвч нэгэн өдөр Ахиллын дотны анд болох баатар жанжин Патрокл Ахиллыг ятгахаар ирсэн бөгөөд Ахилл мөн л гомдсон хэвээр. Аргаа барсан Патрокл тулаанд өөрөө оролцохоор болж Ахиллын хуяг, дуулгыг авч өмсөнө.
Тройчууд Патроклыг Ахиллтай андууран айн зугтаах бөгөөд, Хектор /Тройн ханхүү, Парис залуугийн төрсөн дүү/ гэгч баатар түүнийг устгадаг байна. Ахилл дотны андаа алдсанд харуусан Грекчүүдтэй нэгдэж, дайтахаар болоход түүнд хуяг, дуулга байсангүй. Иймд Ахиллын ивээгч охин тэнгэр болох Фетида нь уран дархны тэнгэр Гифестээр гайхамшигт хуяг, дуулга хийлгүүлэн өгдөг. Ахилл баатар Хектороос өшөө авахыг ихэд хүсч түүнтэй тулалдахад, Хектор хуягийг нь нэвтэлж чадахгүй байсаар ялагдав. Мөн Фетида тэнгэр дайны тэнгэр дээр очиж:
Ахиллын гомдол барагдтал энэ дайныг бүү дуусгуулаач гэж гуйх бөгөөд тэрээр зөвшөөрдөг.
Ахилл баатар Гекторыг алсан ч өшөө хорсол нь тайлагдахгүй байв. Хаа яваа газартаа Хекторын цогцосыг тэргэнд чирүүлж явдаг байжээ. Хекторын хөгшин эцэг хүүгийнхээ цогцосыг удаа дараа ирж гуйх бөгөөд, Ахилл хөгшин эцгийг нь өрөвдөн цогцсыг нь өгч явуулдаг. Угаас Эртний Грект нас барсан хүнийг заавал оршуулах бичигдээгүй хуультай аж.
Удалгүй Гекторын ах Парис Ахиллтай тулалдаж, түүнийг устгадаг. Ахиллыг бага байхад нь ээж нь ариун усаар түүнийг угаан төмөр мэт биетэй болгож байжээ. Харин хүүгээ барихдаа хөлийнх нь өсгийнөөс барьдаг байсан бөгөөд тэр хэсгийг угаадаггүй байв. /Одоо ч зарим улс орны хэлц үгэнд "Ахиллын өсгий" гэх хэлц байдаг бөгөөд энэ нь "Сул тал" гэсэн утгатай/ Үүнийг мэдсэн Парис Ахиллын өсгийг харван алдаг.
Нэгэнт Ахилл насан эцэслэсэн учир дайн дуусч болохоор болов. Гэвч Грекчүүд Ахиллгүй, мөн Тройчууд Хектор баатраа алдсан тул дайн зогсонги байдалд оров.
За анхаар анхаар. Илиада нэг иймэрхүү байдлаар явж байгаад одоо Одиссей шууд үргэлжлэх гэж байна шүү!!!
Одиссейг та нар нөхөд нь юу гэж дууддагийг та нар мэдэх л байлгүй. "Аргат Одиссей". Дайн явуургүй болсон учир Одиссей арга сэдэн аварга том Модон морь хийж, өөрсдөө зугатаасан мэт дүр үзүүлж, цайзын гадна бас модон морин дотор нуугджээ. Тэднийг зугтсан гэж бодсон Тройчууд модон морийг оруулаад шөнө болох үед, модон морин дотроос аврага цэргүүд гарч ирэн цайзын хаалгыг нээж Трой хотыг балгас болтол нь шатаав. Ингээд зөгнөл биелж, Грекчүүд ялан эх орондоо харьж гэснээс нэг юм тодруулах гэж байгаад мартах шахав. Тухайн үеийн Трой хот нь одоогийн Турк улсын Гисассарлыкын толгойд байгааг 1870 онд илрүүлсэн байна. За тэгээд ер нь энэ Одиссей чинь Тройн дайны эзлэх арга техникийн тухай огтхон ч биш. Гол үйл явдлууд нь буцаж гэртээ харих үед гарах юм.
Одиссей буцах замдаа ганц нүдэт Циклопын агуйд очоод 6 нөхдөө алдаад, гэртээ харьдгын даваан дээр нь нөхдүүд нь балайраад баахан юм болгочихсон. Нарийн учир юу хэмээвэл Салхины тэнгэр Эол нь Одиссейд туслахын тулд замд нь таарах бүх шуургыг уутанд хийж өгдөг. Гэвч гэртээ очихын өмнөхөн нь Одиссейг унтаж байхад, цэргүүд нь түүнийг алт эрдэнэс байгаа хэмээн андууран нээж орхидог. Ингээд зүг чигээ алдан хэдэн өдөр далайн шуурганд туугдаж арай гэж намжихад эх нутгийн эргээсээ холдон одсон байв. Ингээд л гайхамшигтай явдлууд өрнөж эхлэх болно. Гайхалтай явдлуудыг алгасъя. Гайхалтай явдал нь бас л арван жил үргэлжлэнэ. Илиада шиг л урт юм болно. Одиссей нь дайнд явахаасаа өмнө эхнэр Пенелопаг, өөрийн хүү Телемахтай хамт үлдээжээ. Олон жилийн туршид Телемах хүү том болсон бөгөөд Одиссейг эргэж ирээгүй тул эхтэй нь гэрлэх хүсэлтэй хүмүүс гэрээр нь цувж эхэлнэ. Үүнд Телемах ч, Пенелопа ч дургүйцэж байлаа. Нөгөө "тэнэмэл" нь явж явж арай гэж ирсэн чинь эхнэртэй нь суух гэсэн хүмүүс овоорчихсон, бүгд л Одиссей үхсэн гэж итгүүлж байна гэнэ. Тиймээс Одиссей арга сэдэн гуйлгачны дүрээр гэртээ очин, нөгөө хэдэн эрчүүлийг, хүүтэйгээ хамтран алж хаячихаад амар тайван суудаг. За Одиссей нэг иймэрхүү.
Одиссей болон Илиада зохиол нь хоёул 24 дууллаас бүрдэнэ. Одоо жаахан чөлөөт сэдэв рүү оръё. Судлах явцад Сонирхолтой санагдаж байсан хэд хэдэн нэр томьёо байна.
1. Дори - Нэн эртний Грекчүүд өөрсдийгөө Эллинчүүд гэх бөгөөд дотроо маш олон хуваагддагийн нэг нь Дори юм. Зарим домогт Дундад Грекийн, Дори мужийн, Дори омогтон Пелопонест халдаж, аажмаар эзлэн авч, маш том үндэстэн болсон гэж гардаг. /Энэ нь нийтлэлч Баабарын нэгэн номын нэртэй давхацжээ/
2. Арго - Аргонавтуудын /Аргогоор аялагч гэсэн Грек үг/ унадаг хөлөг онгоц. Энэхүү Аргонавтууд нь мөн л эртний нэгэн мифээс улбаатай. Энэ нь Арго гэдэг онгоцоор аялдаг хэсэг баатрууд байх бөгөөд замдаа сайн үйлийг хийж, олон адал явдалтай учирдаг тухай юм. Удирдагч нь Ясон баатар. Энэ миф үлгэрт төрөл бүрийн метал /Ялангуяа алт, зэс, төмөр/-уудын талаар ихээхэн дурдсан байдаг. /Мань мөрөөдлийн багийн Аргогийн амьдай хөлөг онгоц/
3. Крипти - /Илотууд гэх Спартад эзлэгдсэн гүрнийг боолчлох байдал/ Орчин үед ихээхэн хөгжиж байгаа криптограпийн шинжлэх ухааны үндэс үгтэй төстэй л юм. Угаас ч язгуур нь Krypto буюу "Нууц" гэсэн утгатай. Гэхдээ дээрх үгээс өөр.
Ер нь Грекийн уран зохиолд дөрвөн том "мангас" байна. Дөрвүүлээ мифээс санаа авч бичдэг.
Төрөл зүйл нь хэт тодорхой биз.
-Трагеди /Эмгэнэлт/
-Комеди /Хошин/
Зохиолчид:
1. Хомер - "Илиада", "Одиссей"
2. Эсхил - "Цовдлуулсан Промотей", "Орест"
3. Софокл- "Эдип хаан", "Колон дахь Эдип", "Антигона" /Энэ гурав нь гурамсан зохиол буюу трилоги бөгөөд сүүлийнх нь Эдип хааны охин Антигонагийн тухай юм. Антигона нь мөн л ихээр зовох бөгөөд хоёр ах нь хаан ширээг булаацалдан ард түмний шүүхээр шүүгдэн нэг нь цаазаар авхуулж, нөгөөх нь цөлөгддөг. Нас барсан ахынхаа цогцсыг оршуулах гэж яваад ялд унаж мөн л өөрөө цаазлуулах ял авдаг/
4. Аристофан /Афин хүн/ - "Морьтой хүн", "Үүл", "Мэлхий" /Өөрийн зохиолуудаараа бурхад, нийгэм, улс төр зэргийг хошин өнгө аясаар шүүмжилдэг нь тухайн үеийн ард түмэнд ихээхэн хүрчээ. Түүнээс өмнөх үеийн мифүүдэд бурханыг үгүйсгэсэн хүнийг шийтгэж буйгаар дүрсэлдэг байсан тул бурхдыг магтан дуулахаас өөр юм хийдэггүй байсан бололтой. Харин энэ үед бурхдын нөлөө харьцангуй багасч хүмүүс өөр үзэл, философи, шинжлэх ухааныг илүүд үзэх болжээ./
Тухайн үеийн Грекийг хот-улс буюу Полис болгон задалж байв.
Эдгээр нь
1. Афин
2. Аргос
3. Спарт
4. Коринф юм. Хэдий зарим үед дайн тулаантай байдаг ч Олимпийн үеэр ямар ч дайн тулааныг зогсоодог байжээ.
Олимпын наадам гурван өөр газар явагддаг. Энэ нь Олимп уулын бэл, Дельфы, Коринфын хүзүүвч юм. Ямар нэг улс оролцолгүй үлдэх ёсгүй бөгөөд төрөл бүрд ялсан аваргуудад зориулж хөшөө босгодог байжээ.
Улс төрийн байдал гэвэл Спарт хамгийн сайн засаглалтай байжээ. Энэ нь хоёр хаант засаглал юм. Энэ хоёр хаана нь зөвхөн дайны үед л бүрэн эрх эзэмших бөгөөд бусад үйл ажиллагаануудыг 30 хүний бүрэлдэхүүнтэй 60 нас хүрсэн өндөр настнуудын зөвлөл бүхий Геруси нарын зөвшөөрлөөр явуулдаг байжээ.
Харин хамгийн муу засаглалтай улс нь Афин байв. Ямар ч хуульгүй бөгөөд тусгай шүүгчид өөрийн эрхээр бүх хэргийг шүүдэг нь дандаа баячуудын талд үйлчилдаг байв. Харин 621 онд анхны хуулиа баталсан нь Дракон гэгчийн боловсруулсан Драконы хууль буюу хамгийн хатуу хууль байжээ. Энэ хууль нь өчүүхэн зүйл хулгайлахад л шууд цаазын тавцанд аваачихаар байлаа. Гэвч энэ нь ч ард түмнийг илүү дээр байдалд хүргэж чадаагүй юм.
За одоо харьцангуй сүүлийн үед манай Манай эриний 4-7-р зууны хооронд үүссэн шинжлэх ухааны талаар ярилцъя. Энэ хэсгээс бурхан, тэнгэрийн шашныг эсэргүүцэгчид ихсэх болно.
Эртний Грекийн түүхчид дотроос "Түүхийн эцэг" гэж нэрлэгддэг нь Херодит юм. Тэрбээр Грек, Персийн дайнаас эхлээд МЭӨ 479 оны түүхийг хүртэл бичжээ.
Бурхныг эсэргүүцэх философи аль МЭӨ 6-р зуунаас эхлэн гарчээ. Милетийн Философич Фалес юм бүгдийг уснаас бүтсэн хэмээн гэж үзжээ. Түүнээс өмнө Хераклит гэх философич галыг бүхний эх гэж үзэж байв. Харин Манай эриний 5-р зууны үеээс Демокрит "Ертөнцийн үндэс нь ямар нэг тэнгэр биш, ямар нэг хий сүнс ч биш, харин матери мөн" гэжээ. Тэрбээр дэлхийн хамгийн анхны материалист үзэлтэн болсон юм. Энэ нь бүх зүйл матери /атом ба энерги/-ээс тогтоно гэж үздэг ухаан юм...
Миний хувийн үзэл бодол гэвэл би огтхон ч шашны үзэл бодол баримталдаггүй. Цэвэр Атеист хүн. Шашин бол хүн төрөлхтний хамгийн том төөрөгдөл гэж үздэг.
...Удахгүй шинээр Софист нар төрөн гарлаа. Тэдгээр нь тэнгэр бурхнаас илүү нийгэм, улс төр, улс нийгмийн чанартай асуудлыг гол болгон үзэгчид юм. Эдэн дундаас хамгийн алдартай нь Протагор.
Харин Софистын эсрэг үзэл бодолтой хүн бол Платон. Тэрээр "Би чухам юу ч мэддэггүйгээ л мэднэ" гэж сургадаг байж. Тэрээр үргэлж бодож байж хариулт өгдөг байсан. Түүний арга барил бол бурууг нь өөрөөр нь итгүүлэх. Харамсалтай нь энэ хүн өөрийн үзэл бодлоо хамгаалсаар гянданд хоригдсон.
За тэгээд яван яван явсаар хамгийн алдартай нь Аристотель.
МЭӨ 384-322 он хүртэл амьдарч байв. Тэрбээр тооны ухаан, түүх урлаг, хими физик, гүн ухаан, амьтан судлал зэрэг чиглэлээр бүтээл туурвидаг байв. Хэдий тэрээр бусад гүн ухаантнуудыг бодвол хавьгүй ухаантай, мэдлэгтэй, алдартай боловч бусдын л адил боолчлолыг байгалийн жам ёсны үзэгдэл гэж үздэг хүн байжээ.
Эцэст нь хэлэхэд үүнийг ашиглаад хичээлээ заана уу, дүнгээ нэмүүлнэ үү, та нарын дур. Асуулгүй ашиглана биз.
2013 оны 9 сарын 17-ны үүрийн 4 цагт анхны хувилбарыг бичив.
2014 оны 5 сарын 3-ны шөнийн 2 цаг 30 минутад нэмэлт найруулга, засвар хийн оруулав.
Comments
Post a Comment