Монголын нууц товчоо




Монголын Нууц Товчоо

Орост Х зууны үед зохиогдсон "Игорын Хорооны тууж" нэртэй зохиол, Гүржид XII зууны үед Шота Руставелийн зохиосон "Барсан хэвнэгт баатар" гэдэг шүлэглэсэн зохиол, Францад "Роландын дуулал" гэх их Карл хааны байлдааны түүхийн талаарх зохиол бий. Грект "Илиада, Одиссей" нэртэй хэдэн мянган жилийн өмнө зохиогдсон туульс бий. Харин монгол үндэстний анхны түүхт дурсгалын зохиол бол Монголын нууц товчоо гарцаагүй мөн юм.

Монголын Нууц Товчоо зохиолд өгүүлэгдэх баримтуудыг маргаангүй үнэн, аль эсвэл хүн бүхний даган шүтэх учиртай хууль мэтээр хүлээн авч болохгүй ч Монголчуудын хувьд тухайн үеийн түүхийн гол эх сурвалж, утга зохиолын үнэт бүтээл гэж үзэхийн дээр Ерөнхийлөгчийн зарлигаар айл өрх бүрийн хойморт залж буй нь энэхүү бүтээлийн түүхэн ач холбогдлыг илэрхийлэхийн зэрэгцээ монгол туургатанг дэлхий дахинд таниулахад томоохон хувь нэмэр болж байна.

Өнөө үед уламжлагдсан ирсэн МНТ зохиол нь анх бичигдсэн худам монгол бичгээр бус 1382 онд хятад хүмүүст монгол хэл сургах хэрэглэгдэхүүн болгох зорилгоор МНТ зохиолыг ханз үсгээр галиглах зарлигийг бичгийн түшмэл Хуянгаа, Маш-Их нарт буулгаж, тэдний хөрвүүлсэн эх нь дам дамаа хуулагдан одоо үетэй золгожээ. Харин эх хувилбар буюу худам монгол бичгээр бичигдсэн хувилбар нь одоог хүртэл олдоогүй байна. Ийнхүү МНТ судлал Хятадад XIV зууны эцсээр эхэлж, энэ номын олон гар бичмэл, хуулбар хийгджээ. Энэхүү хятад үсгээр бичигдсэн материал нь Манжийн хааны номын санд хадгалагдаж байсан ба 1800-аад оны үед Монгол түшмэдүүд Хятад хэлнээ орчуулжсан нь “Юань-чао би-ши” /Yan Chao Pi Shi – Юань улсын төрийн бүрэн эрх/ юм. Хятад эрдэмтдийн гол судалгааны материал нь Гу Гуан Ци, Жан Да Шин нарын 1848 онд барласан 15 бүлэгтэй эх, Гу Гуан Ци, Ли Вень Тянь, Вень Тин Ши нарын гар дамжуулан бичигдсэн 12 бүлэгтэй эхийг Е Дэ-Хой 1908 онд модон бараар хэвлэсэн ном зэрэг болно.

Анх Оросын эрдэмтэн П.И.Кафаров нь “Юань-чао би-ши” номыг Бээжингийн хааны ордны номын сангаас хуулж аван, 1866 онд орос хэлнээ орчуулан "Старинное монгольское сказание о Чингисхане " /Чингис хааны тухай эртний монгол домог/ нэрээр хэвлүүлснээр МНТ судлал дэлхийн олон оронд хөгжжээ.

Харин 1911 оны цагаагчин гахай жилийн үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолын тэмцэлд идэвхтэй оролцож, Манлай ван Дамдинсүрэнгийн удирдсан цэрэгт багтан гамин цэргийг монгол нутгаас хөөх Долнуурын байлдаанд оролцож, гавьяа зүтгэлээ үнэлүүлэн Богд Живзундамба хутагтаас "Бодлогот баатар гүн" цолоор шагнагдсан, Түүхч Ц.Хандсүрэнгийн эцэг, хожим 1915 онд Богд хаант Монгол улсын Гадаад Яамны дэд сайдаар томилогдон ажиллаж байсан Цэнд гүн нь Жамсрангийн Цэвээний хятад газраас олж авчирсан, хятад үсгээр бичигдсэн 12 дэвтэр 282 зүйл Монголын Нууц Товчоог монгол бичгээр олноо өргөгдсөний 1917 оны зуны дунд сарын таванд, анх хөрвүүлэн буулгасан байна. Эл эх бичмэл Санкт-Петербург дахь Дорно Дахины судлалын хүрээлэнгийн гар бичмэлийн сан хөмрөгт хадгалагдаж байсныг охин Ц.Хандсүрэн нь 1970 онд эрдэм шинжилгээний томилолтоор тэнд очиж ажиллахдаа олж авчээ. Уг бичмэл нь шаргалдуу өнгийн гялгар цаасан дээр бийрээр бичигдсэн, бүгд 316 тал хуудаснаас бүрдэх бөгөөд бараг хуудас бүхэнд нь засвар хийж, бичсэн үгээ балласан буюу цагираглан дарсан байх агаад зарим хуудасны дээд зайд "энэ үгийг дахин хянах хэрэгтэй" гэсэн тэмдэглэл онцгойлон хийсэн байна. Энэ гар бичмэлийг Цэцэн хан аймгийн Хурц вангийн хошууны тайж, Гадаад яамны эх зохиогч түшмэл Цэвэгсүрэн хуулбарлаж, авчирсан хувь нь одоо Улсын Төв Номын Санд хадгалагдаж буй.
Хоёр дахь удаад, 1947 оны үед орчуулсан нь Их эрдэмтэн Цэндийн Дамдинсүрэнгийн орчуулга бөгөөд тэрээр хэдий шүлэг найрагт гарамгай ч хятад, манж хэлэнд төдийлөн сайн бус учир Цэнд гүний орчуулга, Лувсанданзангийн “Алтан товч”, “Чингисийн цэдиг”, Рашид ад Дин-ий “Судрын чуулган”, хятадаас латин, орос руу орчуулсан бас бус эхүүдийг харьцуулан кирил “Монголын Нууц Товчоо”-г бүтээсэн тул түүний бүтээл уран сайхны хэтрүүлэг, савалгаатай болжээ. Ийнхүү бүтээхдээ “Монгол нууц товчоо-нд байхгүй ч бусад эх сурвалжууд дээр байсан зарим мэдээ, үг зэргийг [А. То] [Чи. Цэ] гэх мэтээр тодорхой заан оруулсан байна. Хятад, манж, орос хэлтэй Цэнд гүний орчуулсан эхийг “Хятад галигийг үг дараалан буулгаж, хятад хэлний хураангүй орчуулгын утга санааг монгол хэлээр оновчтой сайн орчуулсан” гэж Цэрэнсодном гуай үнэлсэн байдаг бол Нууц Товчоог Япон хэлэнд буулгасан эрдэмтэн Ш.Озава өөрийн номны өмнөтгөл дээр Дамдинсүрэнгийн орчуулгыг ихэд голсон тухай өгүүлсэн байна.

Олон улсын Нууц товчоо судлаачдын нэрсээс дурдвал:


Японы эрдэмтэн М.Нака, К.Широтори, Т.Кобаяси, М.Мураками, Ш.Озава, Германы эрдэмтэн Э.Хэниш, Оросын С.Козин, Францын П.Пеллио, Бельгийн А.Мостарт, Туркийн А.Тэмүр, Чехословакийн П.Поуха, Мажорын Л.Лигети, АНУ-ын Ф.Кливз, Австралийн И.дэРахевильз, Польшийн С.Калуженский, Өвөр Монголын Баяр, Мансан, Элдэндэй Ардажав, Иринчин, Дугаржав, Монголоос Ц.Дамдинсүрэн, МНТ бүтээлийн ерөнхий цар хүрээг утга зохиол хэмээн Ш.Гаадамба, түүх хэмээн Сайшаал , гүн ухаан хэмээн Г.Мөнх, хэлний судлагдахуун хэмээн Ё.Сумъяабаатар зэргээр олон орны эрдэмтдийн жагсаалт гаргаж болох ба эдгээр эрдэмтдийн ачаар МНТ бүтээл гагц хятад дүрс үсгэн бүтээлээс олон орны хэл дээр орчуулагдаж, өрнө, дорнын олон оронд монголын утга соёлын дэлхийн өв санд оруулсан жинтэй хувь нэмрийг тунхаглаж байна.


МНТ бүтээлийн төгсгөлд “Их орд Дэлүүнболдог, Шилхинцэг хоёрт бууж бүхийд бичив” гэж буй ч жилийн махбодыг тодорхой дурдаагүйгээс чухам аргын тооллын ямар онд тохиох хулгана жил болох талаар судлаачдын санал зөрөлддөг. Гэвч МНТ-д Өгэдэй хааны үйл явдлыг бараг төгсгөлд нь хүртэл бичсэн мөртлөө хааны нас барсан тухай байхгүй тул Өгэдэй хааны нас барахын өмнө жил буюу 1241 оны өмнөх 1240 оны цагаан хулгана жил мөн гэж олонх эрдэмтэд санал нийлдэг.

Монголын Нууц Товчоо бүтээлийн зохиогчийн талаарх асуудал бол энэхүү бүтээлийн эргэн тойрон дахь хамгийн том асуудлуудын нэг гарцаагүй мөн. Хамгийн магадлалтай хувилбаруудаас авч үзвэл:

1. Шихихутаг бичсэн тухай.

Э.Хэниш, П.Поуха, Ц.Дамдинсүрэн нар Шихихутагийг МНТ-ы зохиогч гэсэн санал гаргасан ба Ц.Дамдинсүрэн нь Шихихутаг зохиосон байж болох боломжийн тухай бичсэн бол П.Поуха илүү нотлох өнгө аястайгаар бичсэн байдаг.
Үгүйсгэл: Нууц Товчоонд Чингис хааны Монгол аймаг овогтныг нэгтгэж, төвлөрсөн улс байгуулах дотоодын тэмцэл, хэрэг явдлыг голлон бичээд, гадаадад хийсэн дайныг товч тойм төдий, бүрхэг буруу ташаа бичсэн зэргээс Чингис хааны хийсэн аян дайнд оролцож яваагүй хүн зохиосон буюу Шихихутаг, Елюй Чу Цай нар бичээгүй гэсэн таамаглал дэвшүүлсэн эрдэмтэд ч байдаг. Харин ч
244-р зүйлд:

“Чингис хаан шөнө Хасарыг барихаар мордсоныг Хүчү, Хөхөчү хоёроос Өэлүн эх мэдэж, хараатай тэргэнд цагаан тэмээ хөллөн шөнө дүлэн явж, Чингис хаан Хасарын ханцуйг уяж, малгай бүсийг авч, байцааж бүхийеэ хүрсэнд хаан гайхаж эхээсээ эмээжээ. Эх уурлаж хүрч, тэрэгнээс буугаад өөрөө Хасарын уяастай ханцуйдыг нь тайлж аваад малгай бүсийг Хасарт өгч. Эх хилэгнэж уураа даран ядаж, завилан сууж хоёр хөхөө гаргаж өвдөг дээгүүрээ тавьж үзүүлэн өгүүлрүүн”

245-р зүйлд:

“Дэв тэнгэрт иргэнээ булаагдаж доромжлогдсон Отчигин өглөө өглөө эрт хааныг босоогүй орон дотроо байхад орж уйлан сөгдөж гомдол мэдүүлсэнд ... Чингис хааныг донгодоогүйд Бөртэ үжин өндийн сууж, хөнжлийнхөө захаар өвчүүгээ түйтэж Отчигиний уйлахыг үзэж, нулимс алдаад өгүүлрүүн”

зэрэг Чингис хаан, түүний шадруудын ч олж сонсомгүй бөгөөд гагцхүү уул хэрэгт биеэр оролцсон Бөртэ-Үжиний магтаал /254/, дүрвэгсдийн нутгаас олдсон нялхсыг Өэлүн эх тэжээн хөвгүүддээ нөхөр сүүдэр /214/, өдөр үзэхийн нүд, шөнө сонсохын чих болгож өгсөн гавьяа /138/, Жамухын хэлсэн үгийн далд санааг Тэмүжин ухан ядаж, эхээсээ асуухад эхээс нь урьд Бөртэ-Үжин тайлснаар бичсэн зэргээс зохиогч, Өэлүн эх, ялангуяа Бөртэ-Үжинд бусдаас илүү элэгтэй талтай хандаж, тэднийг ухаалаг цэцэн хэмээн бахдан сайшааж бичсэн нь илэрхий.Иймээс Нууц Товчоог гадаад аян дайны их агуурагт нь үлдэж Өэлүн эх, Бөртэ-Үжинийг асран сахиж, тэдэнтэй жаргал зовлон, сэтгэлийн нууцсаа хуваалцдаг ордны шадар хүн зохиосон гэлтэй.

2. Амаас амд дамжин буюу аман зохиол хэлбэрээр дамжин ирсэн.


Өвөрмонголын эрдэмтэн Ихэмянгудай Иричиний 1987 онд хэвлүүлсэн “Монголын нууц товчоон” номондоо “Тэр үеийн Монголчуудын соёл гагцхан хүмүүн бие дааж түүх бичих хэмжээнд хүрээгүй.”, Н.Ц.Мункуев “XIII зууны тэргүүн хагаст Монголын нийгмийн дээд давхаргынхны дунд МНТ-г зохиох буюу бусдын амнаас тэмдэглэж бичих чадвартан олон байсан” гэж тэмдэглэсэн бөгөөд зохиолыг нэг хүн бус харин монголын мэргэд ихэс, үлгэрч туульчийн хамтын хүчээр эмхлэн цэгцэлж, бичигт анх буулгасан болов уу гэж дүгнэжээ.


Үгүйсгэл: Нууц Товчооны төгсгөлд “... ордос бууж бүхүйд бичиж дуусав” гэсэн нь Нууц Товчооны зохиогч бичиг үсэг мэддэг байсныг дам илтгэнэ. Харин аман зохиолд яахин бичиж дуусгасан талаар өгүүлэх билээ. Аман зохиолыг хожим тэмдэглэсэн гэж үзсэн ч он цагийн хувьд зөрөх юм.
3. Аргасун хуурч бичсэн тухай

Эрдэмтэн Ш.Гаадамба МНТ-г хосгүй билэг авьяасаараа Аргасун хуурч хэмээн алдаршсан Хоргасун хорчи хэмээгдэх ордны шадар хүн зохиосон гэсэн санал дэвшүүлсэн. /Аргасун хуурч болон Хоргасун хорч гэх нэрийн талаар сүүлд авч үзнэ./
МНТ зохиол нь бүтэц, агуулгын хувьд Монголчуудын уг гарлаас эхлээд Чингис хаан насан эцэслэж, Өгэдэй хаан ширээнд суусан үеийг өгүүлсэн нийт 12 бүлэгтэй:


1. Тэмүжиний уг гарал ба бага насны үе

2. Чингисийн идэр нас

3. Мэргидийг сөнөөсөн ба Тэмүжиний Чингис хаан цол өргөмжлөгдсөн нь

4. Жамуха ба Тайчуудтай тэмцсэн нь
5. Татарыг сөнөөсөн ба Ван хантай эвдэрсэн нь
6. Хэрэйд улсын мөхсөн нь
7. Ван хан сөнөсөн нь
8. Хүчүлүгийн зугтаасан ба Жамухын дарагдсан нь
9. Шадар хишигтэн цэргийг байгуулсан нь
10. Уйгур ба ойн иргэдийг эзэлсэн нь
11. Хятад, Тангуд, Сартуул, Багдад ба Оросыг эзэлсэн нь
12. Чингисийн нас барсан ба Өгэдэйн хаан болсон нь


Үүний эхний 10 бүлгийг Чингис хааны нас эцэслэсний хойтон шар хулгана жил буюу 1228 онд, сүүлийн 2 бүлэг нь Өгэдэй хааныг нас барахын өмнө 1240 оны үед бичигджээ.

Бүлгийн нэрсийг харахад хэдий 12-13 зууны энгийн нэг түүхийн тухай өгүүлэх мэт боловч ардын дуу, цэцэн үг, шүлэглэл, хэлц их хэрэглэгдсэн ба бүлэг бүрд 20-30 шүлэг байна.

Эхэнд дурдсанчлан Монголын Нууц Товчоо зохиолд өгүүлэгдэх баримтуудыг маргаангүй үнэн мэтээр хүлээн авах нь нийт иргэдийн дундах нийтлэг алдаа бөгөөд зарим илэрхий алдааг доор дурдсу.

1. 198, 199-р зүйлд Сүбээдэй Мэргидийг сөнөөсөн үхэр жил нь 1205 он гэж тэмдэглэсэн бол Рашид ад Динаас эхлээд бусад эх сурвалжууд эл явдал 1217 онд болсон гэдгийг баталж байна.

2. 206-р зүйлд Мухулайд Гоо ван цол өгснийг 1206 оны үйл явдал гэж тэмдэглэсэн бол перс, хятад дурсгалуудад 1217, Мухулайн намтар, Юань-Ши зэрэгт 1218 он хэмээн бичсэн байдаг нь уг явдал нэлээн хожуу болсныг баталж байна.

3. Шихихутаг нь 1195-1196 оны үед бяцхан өнчин хүү олдож байснаа 1206 онд буюу ердөө арав гаруйхан насандаа “Улсын заргач” цол хүртсэн гэж тэмдэглэсэн нь даруй хориод жилээр зөржээ. Бусад олон сурвалжид 1234-1235 онд “заргач” цолтой болсныг тэмдэглэсэн байдаг.
4. Хятадад байлдаж агсан Монгол цэргийн жанжнаар томилогдон үлдээд, тэндээ 1223 онд нас барсан Мухулайг /260-р зүйл/ 1227 онд хөвгүүддээ хилэгнэсэн Чингис хааныг амарлингуулсан талаар бичсэн байдаг.

5. МНТ-д Шихихутагийг Өэлүн эх өргөмөл хүүгээ болгож авч байгаа тухай өгүүлдэг бол Рашид ад Дин түүнийг Бөртэгийн өргөмөл хүү, Чингис хааны хувьд бол хүү шиг нь байсан хэмээн тэмдэглэсэн нь насны хувьд сүүлийнх нь хувилбар илүү үнэмшилтэй юм. 
Монголын Нууц Товчооны хэн бичсэнийг ч мэдэхгүй атал “Чингис хааны гэрээслэл”, “Шифрлэгдсэн код бүхий захидал”, “Чингисийн онгоныг заасан нууц түлхүүр”, барагтай л криптограпийн тухай баримт мэдээлэл эрсэн нөхөд урт удаан цуваа үүсгэнэ. Доктор, Профессор М.Саруул-Эрдэний цахим нийтлэл дэх мэдээнд өгүүлснээс жишээ авахад:


гэсэн байна.
Харин “Монгол хэл шинжлэл” гэх томоохон сэтгүүлийн 2001 онд хэвлэгдсэн “МНТ-ны хэл найруулгын тэгш хэмд хийсэн ажиглалт” өгүүлэлд:
“Одтой тэнгэр орчиж
Олон улс байлдаж
Орондоо унтах завгүй
Олзлон булаалдаж байв:
Хөрст дэлхий хөрвөж
Хөвчин улс хямралдаж
Хөнжилдөө унтах завгүй
Хөнөөлдөн тэмцэж байв… хэмээн 8 мөр шүлгээр утгыг давтан эрчимжүүлсэн…
“Одтой тэнгэр орчиж - Хөрст дэлхий хөрвөж” хэмээн “тэнгэр” – “дэлхий” гэсэн хоёр үгийг оновчтой сонгон зэрэгцүүлсэн…” гэх мэтчилэн тайлбарлажээ.

Харин яг уг эх дээрээ дээрх шүлэгт:
hодутай тэнгэри
hорчижу бүлэ’э
олон улс булха бүлээ
орун-дурияан үлү орон
олжалулдан бүлээ
көрисүтэй этүгэн
көрбэжү бүлээ
гүр улус булха бүлээ
көнжилэ-дээн үл кэбтэн
гөрүлүлдэн бүлээ… гэсэн байна.

Үүнээс харахад нэгд мөрийн тоо, хоёрт “дэлхий” гэхийн оронд “этүгэн” гэж бий, тийм учраас “дэлхий” гэдэг үгийг маш оновчтой сонгожээ гэж магтах хэрэгтэй бол МНТ-ны зохиогчийг бус, тийн орчуулсан Да багшийг магтах нь зүйд нийцнэ.
МНТ зохиолд маргаантай, утга бүрхэг, эргэлзээтэй үг хэллэг, хэлц олны тул энэ талаар эрдэм шинжилгээний өгүүлэл олныг бичсэн Ш.Гаадамбын тайлбараас товчлон оруулах нь:

1. “Нөхөр шоролго-доо”


МНТ бүтээлийн 12-р зүйлд Чингис хааны дээд өвөг Добу мэргэн гөрөөлж яваад, ой дотор бугын хавирга шарж буй Урианхай иргэнийг харсныг үргэжлүүлэн бичсэн нь:


“Нөкөр широлха-да кэжүү. Өксү кээжү аушгиту жилду арасун ыну абчу жөэ бугуийн миха губчин-и Добу мэргэн-э өкбэ.” буюу
“Нөхөр широлго-доо! гэжээ. Өгсү гэж уушгит зүлд арьсыг нь авч бугын мах хөвчнийг Добу мэргэнд өгөв” гэжээ.

Үүнээс үзэхэд “Нөкөр широлга-да” нь мах гуйсан үг бөгөөд хойтох үг нь шарах мах – шарлага буюу “шарах” язгууртай үг, эс бөгөөс шорлох мах – шорлого буюу “Шор” язгууртай үг гэдэг нь эргэлзээтэй байна. Зарим эрдэмтэд “-лга” нөхцөл нь үйл үндсэнд залгах нөхөл язгуур нь “шор” биш “шар” гэж үзсэн бол зарим нь 
“Хувиа бодож
Довоо шарлуулах” гэдэгтэй төстэй, шарлуулж буюу дутуу, шүүрхий болгож идэх мах гуйсан байж болох талаар бичжээ. “да” нөхцөлийн талаар “хэрэгтэй дээ”, “тэгж дээ” гэх мэтэд хэрэглэгддэг хүч нэмэх үг, өгөх оршихын тийн ялгалын нөхцөл зэрэг таамаглал дэвшүүлсэн байна.


2. “Дөрвөн нохайс”

МНТ зохиолын 195-р зүйлд бичсэн нь “... Тэмүжин анда мину дөрбэн нохас-и хүмүн-ү миха-бар тэжийэжү уйажу аху бүлэгэ” буюу
“Тэмүжин анд минь дөрвөн нохайсыг хүний махаар тэжээж, гинжилж уяж байх бөлгөө.” гэжээ. Энэ дөрвөн нохос хэн гэвэл “... Жэбэ Хубилай хоёр, Жэлмэ Сүбэгэтэй хоёр” гэж дээрх үгийг хэлсэн Жамуха нэмж тайлбарласан байна.

Уран дүрслэл, шог хошигнол, нэр томьёо алин болох нь тодорхойгүй ч Чингис хааны багын найз байгаад хожим эвлэршгүй дайснууд болсон Жамуха хэлсэн учир Чингис хааны шадар баатруудыг зориуд дайран шоглосон байх боломжтой гэжээ. Харин энэ үгийг сонссон аймхай хулчгар Таян /Даян/ хан Чингис хаанд хэлүүлсэн үгс дотор:
Үгэ-түр минь /Үгэнд минь/
Үкүтгүжү /Үхэтгэж/
Өгэдэ тэмэчэн /Өөд тэмцэн/
Үргүжү гарба /Үргэж гарав/
Ама-бар /Амаар/
Алагдажу /Алагдаж/
Айужу агулас /Айж уулс/
Абарин гарба /Авиран гарав/

гэж байгаа нь Жамуха дээрх үгсийг Таян ханы зүрхийг үхүүлж, амаар үхүүлэхээр хэлсэн нь байж болох талтай. Хэрэв тийм бол тэр дөрвөн баатрын сүр хүчийг зориуд бадруулан дүрсэлж, зуумхай нохойтой зүйрлэн адилинаж хэлсэн уран хэллэг гэж үзүүштэй.
Гэвч энэ тохиолдлоос хойш хэд хэдэн удаа нохос гэх үг хэрэглэгдсэн нь гол төлөв төв, албаны байдалтай хэлэгдэж буй нь “Үнэнч итгэлтэйн” бэлгэдэл болгож нэр томьёо хэлбэрээр ашиглаж байсан гэж үзэж болмоор.


3. “Өрлү’үд”

Өрлү’үд буюу өрлөгүүд гэх үг нь өрэ, өрү, өр буюу зүрх гэсэн язгууртай, “Бие махбодоороо холбогдсон” буюу “Хайртан” хэмээн хөрвүүлэн, тайлбарлажээ. Эх баримтад “Йисүн өрлүкүд” хэмээн тэмдэглэсэн ч давтан тэмдэглэгдээгүйн дээр, өрлөгүүдийн тухай нарийн тэмдэглээгүй бөгөөд холбогдох баримтуудад, байж болох дотны есөн хүнийг таамгаар өрлөг хэмээн бичсэн гэж үзжээ. Тухайн гол эх сурвалж, голлох бүтээлүүд дотор “Есөн өрлөг” гэх нэр томьёо огт байхгүй тул тухайн үед ийм хэргэм тушаал, нэр цол байгаагүй гэх таамаглалыг баталж байна. Харин Чингис хааны аминд орж, мартагдашгүй гавьяа байгуулсан, есөн удаа гэм хийвч өршөөгдөх эрхтэй, “Есөн өршөөл” хайрыг хүлээсэн хүмүүсийг нэрлэсэн буюу “Есөн хайртан”-уудыг “Есөн өрлөг” хэмээн тэмдэглэсэн гэж акамедич Козин анхлан таамагласан байна.
Түүнчлэн Марко Поло, Плано Карпини, Рубрук, Чан-Чүн тэргүүтэн ч монголд ирж байх үеийн тэмдэглэлдээ энэ талаар дурдаагүйн дээр анхлан 17-р зууны үеийн зохиолуудад энэ нэр томьёо ихэд хэрэглэгджээ.

“Чингисийн есөн өрлөгтэй сэцэлсэн шастир”, “Гурван зуун тайчуудыг дарсан домог” зэрэг сүүлийн үеийн эх бичгүүдээс МНТ-нд орсон домгууд нь үнэн байдалд нийцэхгүй, зарим баатар өөрсдийн төрөө ч үгүй үеийн үйл явдалд оролцсон, эсвэл Шигихутаг, Борохул, Мухулай нар олдсоноос гурав дөрөвхөн жилийн дотор “Есөн өрлөг”-ийн тоонд орж буй нь улам эргэлзээтэй болгоно.

4. Аргасун хуурч буюу Хоргасун хорчи гэх нэрийн тухай


Аргасун хэмээх Чингис хааны дотнын шадар хүн ихэд согтсон үедээ Их Засаг хуулинд зааснаар хүрэх хориотой байсан алтан хуурнаас бус алтан хор буюу алтан сумнаас болж Чингис хаанд толгойгоо алдах дөхсөн гэх Ш.Гаадамба эрдэмтний гаргалгааг П.Марш тандахдаа, “...хуур болон хор хэмээх үг нь босоо бичгээр нэг болон хос “у”-тай бичигддэг ялгаатай...гэсэн ч дундад эртний гар бичмэлүүдэд хоорондоо хольж хутгалдаж болох талтай...гэсэн байлаа ч хуур болон хор хэмээх нь өөр утгатай үгс” гээд “...Гаадамба “Хорч” гэх жишээгээ Юань улсын түүхээс эшэлсэн нь Монгол хааны ордонд албан ёсны хорчтой болсон байсан үе...” хэмээн өөрийн багш, түүхч, хэл шинжээч Хар Доржийнхоо саналыг дагаж өгүүлэн, “...хорч хэмээх үг нь Монголын эзэнт гүрний үед (арван хоёроос арван гуравдугаар зуунд) орж ирсэн...ба...цэрэг эсвэл засаг захиргааны нэгжийг анх заадаг байгаад энэхэн үест энэ үг бас эрхэлсэн ажил үүргийг илтгэх болсон...тэрхүү нэгж бүлгийн нэр нь цаашдаа нийгмийн давхаргын зэрэг зиндаа, овог бүлгийг нэрлэх болсныг Өвөр Монголын зүүн хэсэгт орших Хорчин түмний нэрнээс мэдэж болно. Арван дөрөвдүгээр зууны үеээс энэхүү үг хэрэглээнээс гарсан. Энэ үеэс хойш уг үг болон үгийн утга нь мартагдахад хүрч, Хорчин түмэн ч өөрийн угсаатны нэрийн утга гарвалыг мартжээ...” гэсэн байна.


Монголын нууц товчоо бүтээлээс гадна тухайн үеийн хэрэг явдал, улс орны тухай өгүүлсэн ном хэвлэл, судар бичиг, шүлэг зохиол олон бөгөөд Чингис хааны бошго зарлигаар нангиад орны Шаньдун газраас ирсэн Бомбын шашны их арш Чанчуны шүлэгт:
Саруул уудам уул тал үзүүр захгүй,
Салхин униар тунаран залгалдаж ус мөрөн олон.
Эдийг бүтээн, орчлонг үүсгэгчид юутай гайхамшиг
Энэ газар хүнийг тохоон, морьгүй хариулгуулмуй.

Мах идэн ноос өмсөхүй нь эртний хэвтэй адил
Малгай өндөр, гэзэг урт нь Анжүнжоу газраас ондоо
Эрдэмтэн богд утга соёлыг хүргэн эс чадмуй
Эртнээс монгол хүмүүн эрх чөлөөг л эрхэмлэмүй... хэмээсэн нь Төв азийн нүүдлийн соёл иргэншил, аж амьдралыг уран сайхнаар өгүүлсэн бол аялагч Марко Поло өөрийн тэмдэглэлдээ “Нутаг орон нь уудам дэлгэр тал хээртэй, том том гол мөрөн, цэнгэг ус элбэгтэй бөгөөд бэлчээр сайтайгаараа зартай ажгуу.” гэжээ.


Энэ мэт эрдэмтэн судлаачид Монголын нууц товчооны гүнд зоригтойгоор нэвтрэн орж, утгыг ухаарч, учигийг тайлснаар тухайн үеийн утга зохиол, түүх соёлын үнэт өвийг олон нийтэд түгээн дэлгэрүүлэхийн дээр энэхүү номыг уншигч олонд ч илүү сонирхолтой байх болно.

Нийтлэл бичихэд ашигласан материал:

• “Монголын нууц товчоо зохиол” Ц.Дамдинсүрэнгийн орчуулга
• “Зугаатай хэл шинжлэл” М.Саруул-Эрдэнэ 2013 он
• “Монголын нууц товчооны судлалын зарим асуудал” Ш.Гаадамба 1990 он
• “Хэл шинжлэлийн нэвтэрхий толь” Соёмбо нэвтэрхий толь 2012 он
• Б.Цэнд агсны зээ охин Д.Гангын дуртгалаас
• “Их эрдэмтэн Мянгат” А.Дамдинсүрэн 1978 он
• “Орчлонгийн элдэв сонин” Марко Поло 1987 он
• "Утга зохиолын тухай яриа" Я.Ганбаатар 2010 он



Нийтлэл бичсэн: Магад Ж.Зоригт

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд