Codex Seraphinianus
Дур хүсэлдээ автсан хос, матар болон хувираад, орноосоо гулган буух, сэтгэхүй нь хүүхдээрээ ч аль эрт насанд хүрсэн мунаг том биетэй, духгүй, халзан эр далайн мандлаас нүдээ цухуйлгаад огтхон ч хараа салгалгүйгээр таныг цоо ширтэж буй мэт боловч хун адил үргэлжийн хосоороо умбалдах толбот загаснууд, өтгөн ойн сахлаг модос өндөг мэт хагараад зулзаган төгөл үндэс дээрээ арай ядан алхаж, газарт бэхлэгдэн үр зулзагаа төрүүлэхээ хүлээх. Энэ бүхэн зэргэлдээ ертөнцөд бодит хэмээн итгүүлнэм.
Харийн ертөнц, төсөөллийн оршихуй, сюрреалист хүүхдийн зохиолд багтаад шингэчихсэн мэт, Алисийн гайхамшгийн ертөнцийн хачин сонирхолтой бүхнийг судлахаар төрсөн эрдэмтэн мэт мэдрэмжийг өгөх энэ номыг Итали зураач Луижи Серафини энгийн хүний мэдэх үсгээр бичсэнгүй, том үсгээр зүүнээс эхлээд баруунш бага үсгээр хэрүүлэн гараар бичсэн мэт, утга зохиол бус нэвтэрхий толь ажгуу.
Нэвтэрхий толийн бичлэг бүр уран сэтгэлгээний, гүн ухааны, зохион бүтээлгийн нарийн аястайн дээр энэхүү номыг бичихэд ашигласан хэл, тоон системийг ч судлууштай бөгөөд зохиолч өөрийн ярилцлагад "...Би энэ үсгийг үзсэн хүмүүс, үсэг мэдэхгүй балчир хүүхэд ном харахад мэдэрдэг мэдрэмжийг мэдрээсэй хэмээн хүсэж зохиосон..." хэмээжихүй.
Энэ номын анхан бөлөгт ургамлын зүйл, удаах бөлөгт амьтны ба түүнтэй холбогдох зүйл, гутгаар бөлөгт хоёр хөлтөнд хамаарах зүйл, дөтгөөр бөлөг болбоос манай ертөнцийн байгаль, бодисын шинжлэл буюу учир нь үл мэдэгдэх, нууцлаг зүйлсийн хэсэг бөгөөд зургаадугаар бөлөг оньсон хөдөлгүүрийн зүйл, түүнчлэн бөлөг бүрт өгүүлэгдэх нь хүнд холбогдох зүйл, их түүх, мутарлахуйн ухаан, өдөр тутмын соёл, тоглоом наадгайн зүйл, уран барилгын зүйл зэрэг болой.
TeraReader
Comments
Post a Comment