ВАКАНДАГИЙН МЭДЭГДЭЛ ДЭЛХИЙГ ЦОЧРООВ

Африк үндэстэн дэлхийн хөгжлийг тодорхойлох уу?


Афрофючүризм нь юүн түрүүнд гоозүйн ухагдахуун, хоёрт гэвэл өнгөрсөн, ирээдүйг харах цоо шинэ өнцөг гэж хэлж болно. (Marvel студи

Вакандагийн илтгэл-ээс дариу зургаан долоо хоног өнгөрөөд буй ч улс орнууд одоог хүртэл энэ мэдэгдэлтэй холбоотойгоор шуугисаар байна. ТЧала хаан Нэгдсэн Үндэсний Байгууллагын Ерөнхий Ассемблейн хурлаар Вакандагийн хаант улс нь 2016 оны CIA World Factbook-т дурдсанаар нэг хүнд ногдох ДНБ-ий хэмжээ нь ойролцоогоор 760 ам.доллар бүхий гар урлал, мал аж ахуй, хоньчдод тулгуурлан хөгжиж буй орон бус техник технологийн их гүрэн гэдгийг зарласан нь их гүрнүүдийн удирдагч, олон улсын шинжээчдийг гайхширалд оруулсан юм. Өндөр хөгжсөн соронзон хөөргөлтөт ачааны тэрэг, авто тээврийн нисэх төхөөрөмж, биет холограм, нуруу нугасны гэмтэл анагаагч шүр зэргийг өргөн хэрэглэгч улсыг тодорхойлсон “Дээд хөгжилт үндэстэн” буюу “uber-developed nation” гэх нэр томьёо шинээр үүсэв.

Вакандагийн шинэхэн байгуулагдсан яам болох Гадаад харилцааны яамнаас эрхлэн гаргасан Ирээдүйд тавтай морил” танилцуулах бичлэг нь Youtube-ын хамгийн их хандалттай бичлэг болжээ. Вибраниум солирын нөлөөний үр дүнд таван омог нийлж улс байгуулан, “Ваканда” буюу “Гэр бүл” хэмээн нэрлэсэн тухай домогоос сэдэвлэсэн уг бичлэгт Т.Чала өөрийн биеэр дуу оруулсан байна. Камер огцом эргэж ойн гүн рүү ороход агаарт жирвэлзэх мэт болоод Нью-Иорк, Томбукту, Каир хотуудын гудмыг нийлүүлээд залгачихсан мэт орчин үеийн хотын бараа үзэгдэнэ. Бичлэг үргэлжлэн Вакандагийн технологийн гайхамшгийн ололт амжилтуудыг танилцуулна: нанотехнологи эрхтэн ургуулах боломжийг олгож, дундаж наслалт наслалт 100 орчим болон, дундаж иргэдийн амьдралын түвшин АНУ-ын хамгийн сайн амьдралтай 1%-аас давсан байна.

Вакандагийн технологи нь эмчилгээ төдийгөөр хязгаарлагддаг сан бол улс орнуудын айдас түгшүүр ийм их байхгүй байв. Вакандагийн суперматериал болох вибраниумын нөөц нь саяхныг хүртэл “гарагаар хоморголон устгах зэвсэг”-ийн бүтцэд ашиглагдаж байсан нь тун сэтгэл зовоож байна. Мөрний омгийн генерал Окоеэ, ТЧалагийн илтгэлийн дараа Вакандагийн байр суурийг тодорхойлжБид зэвсгээр хангах үйл ажиллагаа явуулахгүй бөгөөд үүний оронд хүний нөөцөө ашиглан зөрчил мөргөлдөөнийг зуучлан эвлэрүүлэхэд анхаарах болно. Бид зөвхөн шаардлагатай газруудад нь вибраниумд суурилсан технологийг л санал болгоно.” хэмээсэн юм. Үүний дараа генералын Өмнөд Солонгост машины бүхээг дээр улаан даашинзтай байсан тухай дуулиант хэргийн талаар асуудлыг сөхөхөд тэрээр нэн даруй “Энэ нь машины аюулгүйн тоноглолын алдаа байсан.” хэмээгээд индэрийг чөлөөлсөн юм.

“Тэд энэ материалыг хэт хайнга ашиглаж байна.” хэмээн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Тэддүс Росс дурдаад “Омгийн зохион байгуулалттай үндэстэнд ийм аюултай зүйлийг итгэж үлдээнэ гэж үү” хэмээв. АНУ нь Вакандагийн удирдагчтай албан бус холбоотой байсан нь мэдэгдэж байгаа бөгөөд, Орос болон Хятад улс нь аль хэдийнээ өндөр, дээд хэмжээний уулзалтуудыг зохион байгуулжээ. Дэлхийн хамгийн буурай орнуудын нэгээс хамгийн баян орон болох нь дэлхийн эдийн засагт хэрхэн нөлөөлөх, тэр дундаа Вакандагийн өөрийнх нь зах зээлийн хаалттай бодлого нь эдийн засагчдыг самууруулж гүйцээд байна.

АНУ-д үүссэн гэнэтийн цагаачдын хямралд Ваканда, АНУ аль алиных нь засгийн газар анхаарлаа хандуулж байна. Шинээр өргөжүүлсэн Вакандагийн Элчин сайдын яам нь улс төрийн орогнол хүссэн олон арван мянган захидал хүлээн авсан бөгөөд цагаачлал горилогч Африк гаралтай Америкчуудаар хүрээлүүлжээ. Хүсэлт гаргагчид өөрсдийгөө АНУ-д байнгын мөрдлөг хавчлагад өртөж байгаа, хүчирхийллийн улмаас амь нас нь үрэгдэж буйг нотлоод, Африк дахь үндэсний цөөнхүүдийн дундах хэрцгийллийг олон жил үл тоосныхоо төлөө Вакандагийн засгийн газар ёс зүйн үүрэг хүлээж, орогнолыг хүлээн авах ёстой гэцгээж байв. Цахим сүлжээгээр маш олон Африк гаралтай Америкчууд Вакандагийн бодлогыг дэмжиж буйгаа илэрхийлж байгаа бөгөөд цээжиндээ гараа зөрүүлэх ёсолгоогоор Вакандагийн эзэн хаанд үнэнчээ амлах болжээ. Түүнчлэн Fox News-ээр 24 цагийн “Вакандагийн занал” хөтөлбөрийг завсаргүй гаргаж байна.

Мөн шинээр томилогдоод буй Элчин сайд, Мөрний омгийн Накиа нь Ваканда улс гаднын жуулчдад хилээ нээгээгүй бөгөөд өөрсдийн соёлын төвүүдээ нэн яаралтай байгуулахаар ажиллаж буйгаа цохон тэмдэглэлээ. Хэрвээ та Вакандагийн соёл заншлыг өөрийн биеэр мэдрэхийг хүсвэл Калифорнийн Оакланд дахь төв энэ сарын сүүлээр үүдээ нээх ба Бразилын Салвадор, Австралийн Воллонгон, Суданы Ал-Фаширт мөн дөрвөн өөр төв удахгүй ажиллаж эхэлнэ.

Накиа үргэлжлүүлэн “Түүнлчэн эдгээр төвүүд нь инноваци, технологийн төвүүд байх болно. Вакандагийн эрдэмтэн судлаачид тухайн газрын ард иргэдтэй хамтран иргэдэд шаардлагатай асуудлыг шийдвэрлэхээр ажиллана. Манай Оакланд дахь “Хүнс тэжээлийн хөтөлбөрийн санаачлага” нь гайхам амжилтад хүрлээ. Бид ирэх жил гэхэд өөр хорин хотод соёл сурталчлах төвөө өргөжүүлэхээр төлөвлөж байна.” хэмээн дурдав.

Европт, Вакандагийн байдал үл итгэлцэлтэй тулгараад байна. Германы Эдийн засаг, эрчим хүчний сайд Эрик Ланшэр дэлхийн дулаарлын бүс нутгууд дахь нөлөөлөлд үнэлэлт хийхээр явсан тухайгаа, ягаан өмсгөлтэй “Хилийн омог”-ийн гишүүдээр тосгод, захуудаар газарчлуулсан хэмээжээ. “Тэд голдуу малчид л байсан, тэдний амьдрал тун энгийн. Тэдний яриад байсан Алтан хот Бирнин Зана нь хаана байна? Хирснийх нь ард уу?” хэмээн ёжилжээ.

ТЧалагийн зохион байгуулсан Ваканда дахь анхдугаар айлчлалаас буцах замд - Вена хотоос Африкийн нийслэл хүртэлх хорин минутийн аяллаар “Бид байгалийн үзэмжит газруудийг харах боломж олгосон” хэмээн ТЧала дурдсан ба Ямайкийн ажиглагч, сурвалжлагч Жосеф Клифтон улсын технологийг тодорхойлохдоо “уран зөгнөлөөс ч даван гарсан” хэмээсэн байна. “Тэд биднийг сувдан бугуйвчаар гэр бүлтэйгээ холбогдох боломж олгосон. Энэ нь хувцас, хоол, ургамал гээд ямар ч гадаргуутай харилцан үйлчилж байлаа. Бүх зүйл дээр. Кимоёо шүр бүр миний цусны цагаан эс хэрхэн вирусийг устгаж байгааг илрүүлж, наноботуудаар вирусийг устгуулах зөвшөөрөл хүссэн гээч.” гэжээ.

НҮБ-ийн төлөөлөгчдийн багийн Урду хэлний орчуулагч Камала Кхан Вакандагийн соёлын өвөрмөц байдал, харилцааны уян хатан байдал түүнийг тун гайхшируулсныг дурдав. “Тэдний ихэнх нь дор хаяж зургаан хэлээр ярьж байв. Мөн Ваканда иргэд нь дэлхийн нөхцөл байдалд тун анхаарал хандуулахын зэрэгцээ вибраниумын асар их нөөцтэй ч технологио ашиглах хувийн ашиг сонирхлоос нийтийн сайн сайхныг үргэлж дээгүүр тавина.” гэв.

Т.Чалагийн НҮБ-ийн индрээс илтгэсэн үгс Африкийн удирдагчдыг хөрш орнууд болон тивийн бусад улстай харилцах Вакандагийн харилцааг хэлэлцэхээр Африкийн холбооны шуурхай хурлыг зарлахад хүргээд байна. Вакандагийн жинхэнэ байдлыг олон жил нууж, хөршүүдээ хүнд нөхцөлд байхад нь нуруугаа харуулсанд Африкийн зарим улсын удирдагчид тун дургүйцэж буйгаа илэрхийлсэн бол зарим нь эвсэлд үл нэгдэх бодлогыг сайшаан зөвтгөж байв.

Тэр дундаа Өмнөд Африк улсын ерөнхийлөгч Сирил Рамафоса “Хүчний харилцааны шилжилт барууны хүчнүүдээс Африк руу шилжих болно” хэмээн тэмдэглэв. Апертеид үзэл зөрчил мөргөлдөөн дагуулах болсон үед Өмнөд Африкийн АҮК /Африкийн үндэсний конгресс/ нам Вакандагийн далд дэмжлэгийг хүртэж, Африк үндэстэнүүд колонийн хүчнүүдийн эн тэнцүү байдлыг алдагдуулж, дараагийн нүүдлийг Вакандагаас хийх болно гэсэн таамаг ч гарах болсон байна.

Эцсийн үр дүндээ, өндөр хөгжлийг дэлхийн ирээдүйд зориулна гэх болсны цаад шалтгаан юу вэ гэдэг одоог болтол тодорхойгүй хэвээр байна. Дэлхийн улс төр, технологийн чиг хандлагыг Африк үндэстэн тодорхойлох уу?

Кофены ч болтугай мөнгө хандивлаач, гуйж байна


Вакандагийн иргэд гаднын иргэдийн их түрлэгт бэлдэж байна. (Marvel студи)

Хэдий зохиол ч гэсэн, Black Panther-т өгүүлэх үйл явдал, нь тухайн ертөнцдөө логиктойгоор биеллээ олж байдаг. Энэ кино нь өнөө үе дэх афрофючюризмийн хамгийн том жишээний нэг бөгөөд Марвел ертөнцийн бусад супер баатруудын кинотой адал явдал, тулаанаас гадна африкийн соёлын гоо зүй, олон улсын хүчний динамик, ирээдүйн технологиудыг ч тааруулан авцуулсан байна. Кино аль хэдийнээ олон улсад ашиг орлогоороо тэрбум долларыг давсан үзүүлэлт олоод буй бөгөөд хар арьст гол дүрийн жүжигчин, жүжигчидтэй кино ашиг орлого бага олдог гэсэн ойлголтыг өөрчиллөө. Цаашлан энэхүү хар арьст супер баатрын соёлын ойлголтод үзүүлсэн нөлөөний тухай мэдээллүүд нь африк гаралтай америкчуудын иргэний хөдөлгөөнд маш том нөлөө үзүүлж байна. Өмнө нь хэзээ ч, MCU дотроо ч хар арьст дүрүүд ингэтлээ алдартай болж байгаагүй билээ.

Афрофючүризм бол энгийндээ ирээдүйн африкийн өнгө өнгийн хувцасны загвар, урлаг, хөгжмийг агуулсан гоозүйн ухагдахуун юм. Нарийндаа гэвэл, Африкийн үндэсний цөөнх болон бусад төдийлөн хүний нүдэнд өртөөгүй соёлын чадавхыг “хэрвээ”-ийн боломжоор нээн илрүүлэх замаар урлаг, өнгөрсөн, ирээдүйг харах цоо шинэ өнцөг гэж хэлж болох. Энэхүү төсөөллийн нөлөөт толины ертөнцөд Ваканда улс колонийн хүчний сүйтгэл, барууны эзэрхий хүчний дарлалд өртөлгүй өндөр хөгжсөн Африкийн хүч болон мандан бадардаг.

Колоничлол гэдгийг уран зөгнөл дэх зэрэгцээ ертөнцийн байр сууриас, наанадаж Black Panther зэрэг нэгэнт олны хүртээл болсон бүтээлийн өнцгөөс үзсэнээр огт өөрөөр харж төсөөлөх боломжтой болно. Эрдэмтэн Жессика Лэнгер уран зөгнөлт бичлэг болон империализмын түүхэн холбоог судалсан юм. Уран зөгнөлт зохиол эрчээ авсан үе нь империализмаас гаралтай нөөц баялгийн хуримтлалын үр дүнд эхэлсэн аж үйлдвэржилтийн үетэй давхцаж байсан төдийгүй үүнтэй холбоотойгоор голдуу харийн, өөр гаригийн биетүүд дэлхийгээс нөөц эрэх, дэлхийн эзлэн түрэмгийлэгчдийг колоничлох зэрэг нь хуучиршгүй томхон төрөл, сэдэв болж тогтжээ. Мөн тэр үед, Х.Г.Уэлс энэхүү сэдвээр колоничлолын мөн чанар, моралыг “Гараг хоорондын дайн” зохиолдоо, Европчууд Африкт хумхаа зэрэг өвчинд хялбар нэрвэгддэгийн адил Ангарагийн эзлэн түрэмгийлэгчид дэлхий дээрх бактерыг эсэргүүцэж чадахгүй байгаа зэргээр нээн харуулж байсан юм. Гэвч энэ сэдэв тун ч удалгүй ёс зүйгээр зөвтгөгдөх аллага, баатарлаг үйлсийн тухай үлгэрт зайгаа тавьж өгсөн юм.

Pacific Rim, The Avengers зэрэг саяхны кинонуудад мөн байлдан дагуулал, эзлэн түрэмгийллийн зовлон зүдгүүр, түгшүүр шаналанг дүрсэлсэн байдаг. Pacific Rim киноны тэнгисээс гарч ирэх мангасууд нь Европоос гаралтай өвчнүүд уугууль америк иргэдэд хэрхэн халдварлаж байсны адил дэлхийн хүн амыг устгаж, “цэвэрлэх”-ээр бүтээгдсэн биологийн зэвсэг юм. Харийн соёл иргэншлийн сүр хүчинд эзлэн түрэмгийлүүлж буй хүн төрөлхтөнд айдас хүйдэс, өөрийн төрлөө авран хамгаалах хүсэл тэмүүлэл – эсрэгээрээ дарангуй талын удирдагчдын эсрэг өчүүхэн ч өршөөл энэрэлгүй тэмцэх эрмэлзэл тодорно. The Avengers кинонд бүр халдан түрэмгийлэгчдийг цөмийн зэвсгээр устгаж буйг гарцаагүй зөвт үйлдэл болгож харуулдаг. Кинонд үргэлж гарах европ, америкийн талуудаар эзлэн түрэмгийллийн ашиг шимийг хүртсэн, өөрсдийн амь нас, эд хөрөнгө, амгалан тайван байдлаа аймшигт явдалд алдахын зовлонг амсаагүй хүмүүсийг төлөөлүүлж байна.

Гэхдээ афрофючюрист судлаачид Африкчууд хэрхэн аль хэдийнээ эзлэн түрэмгийллийг даван туулж, үл мэдэх газраа үл танигдах хүмүүсийн дүрээр амьдарцгаах болсныг судлан тайлбарласаар байна. Соёлын онолч Грэг Тэитийн бичсэнчлэн одоогийн африкчууд болон африк тивийг хүчээр орхигсдын өвөг дээдсийн хувьд тэд “нэгэнт эрэгдсэн хөлөг онгоц” болсон. “Тэдний соёл уламжлал одоо үгүй болсон, генетикийн хувьд ч тэр, үндэсний нийтлэгээ алдсан бүлэг хүн л болж” гэжээ.

Black Panther кинонд “Эзэрхэг хүч бидэн рүү довтолсон бол ямар байх байсан бол?” гэдэг асуултад хариулахын оронд нэгэнт өөрсдийн нутгаа хүчээр орхисон ард иргэдийн түүхийг уран сэтгэмжээр баяжуулан харуулжээ. Афрофючюризм үүнийг л, “Хэрэв гаднын түрэмгийлэлд өртөөгүй бол яах вэ? Африкийн колоничлол, боолчлол болоогүй бол яах байсан бол?” гэдэг асуултыг эрэлхийлж байдаг. Алондра Нэлсоны бичсэнчлэн эдгээр асуултууд “бидний одоогийн нийгмийн бүтэц байгууллын тухай түүхэн ойлголтыг сөрөх сорилт” бөгөөд “өнгөрсөн одоогийн учир холбоосын хоорондох улс төрийн асуудлыг шинээр харах боломжийг олгох” аж.

Хэдийгээр, Вакандагийн түүх бүхэлдээ зохиомол ч энэхүү кинон дахь хүчний динамик хэрхэн шилжиж буйг тооцоолох нь тийм ч боломжгүй зүйл биш. Африк нь томоохон хүчнүүдийн байнга эрж, цуглуулж байдаг, хүнд үйлдвэрийн ирээдүйд чухал үүрэгтэй эрдэс нөөцөөр баялаг. Түүнчлэн эрт балрын хуучинсаг, хэвшмэл ойлголт, хүн амын хэт өсөлт, цөхрөл шаналлын сүүдэрт гэрэлтэх шинэчлэлийн үзэл санаагаар ч дүүрэн билээ.

Тивийн харилцаа холбооны салбарыг авч үзье л даа. Африк нь харилцаа холбооны дэд бүтцээ шинэчлэх олон оролдлого хийсэн ч утасгүй технологи нь Африкийн нөхцөлд илүү тохиромжтой байна. Сүүлийн жилүүдэд гар утасны хэрэглээ нь огцом өсөж буй Сенегал, Нигериа улсуудад иргэдийн 80 гаруй хувь нь өөрийн гар утастай болж, үлдсэн цөөн хувь нь газар доогуурх холбооны сүлжээ ашиглаж байна. Гар утасны тархалтын үр дүнд мөнгөн гуйвуулга, хуваарилалтын эдийн засаг /sharing economy/ зэрэг хөдөлгөөнт төхөөрөмжид суурилсан үйлдвэрлэлийн салбар өргөн тархав. Кенийн ашгийн бус технологийн пүүс болох Ushahidi нь хүний болон иргэний эрхийн зөрчлийг тухайн цагт нь бусдад мэдээлэх боломжтой нээлттэй платформоо хөгжүүлсэн бол Руандын дуудлагын хөлсний мотоциклийн үйлчилгээ үзүүлдэг SafeMotos хэрэглүүр нь жолоочийн аюулгүй жолоодлогын мэдээллүүдийг зорчигчид мэдээлж замдаа сэтгэл амар явах боломжийг олгодог юм. Африкчууд өөрсдийн амьдралд сэтгэл хангалуунаар техник технологи, соёл иргэншлийн хувьд хөгжсөөр байна, тэд нийгэм, соёл, улс төрийн байдлаа баруунтай харьцуулж харах огт шаардлагагүйг эндээс харж болно.

Түүнчлэн Африк төвт технологийн үзлийн хувь нэмрийг Барууныхан илт нууж хаацайлахыг оролдох болсон. 1950, 1960-аад оны үед NASA-д ажиллаж байсан Африк гаралтай америк эмэгтэйчүүдийн хүнд хүчир хөдөлмөрийг дүрсэлсэн Hidden Figures гэж ном, кино бий. Цоолтуур хэвлэлийн оператор, эхэн үеийн компьютер програмистуудаас ч олон нь африк гаралтай америкчууд байж. IBM илүү олон ажилчин татахын Ebony, Jet зэрэг сэтгүүлүүдээр сурталчилгаа их хийж байв. Brooklyn DJs өөрсдөө дууны бичлэг, өсгөгчөө нэг бүрчлэн угсарч, Turntables-ээс эхлээд маш олон электрон хөгжмийн төхөөрөмжийг нэвтрүүлсэн юм. 1920 онд W. E. B. Du Bois-ын өгүүллэг болох “Солир” хэвлэгдсэнээр шинжлэх ухааны уран зөгнөлийн салбарт ч тэд эрчээ авжээ. Афрофючюрист гоозүйг тусгасан урлаг, дуу хөгжим, загварын хэв маягууд олны анхаарлыг татаж, Африк гаралтай хүмүүс өнөө үеийг хэрхэн тодорхойлж буй гайхалтай түүх бичигдэж байна.



Афрофючюрист хандлагын ачаар өмнө нь нэгэн цагт төсөөлөх ч боломжгүй байсан асуултууд урган гарч буй нь: Хэрэв дэлхийн хамгийн хөгжил дэвшилтэй улс орнууд өмнө нь эсвэл одоо ч империалист биш байсан бол яах вэ? Хэрэв Африкийн улсууд нэгэн үндэстэний идеал загвараар хөгжсөн бол дэлхий одоо ямар байх байсан бол? Бид ирээдүйг Африкийн оролцоотойгоор төсөөлж үзвэл ямар вэ? Гагцхүү эдгээр асуултуудын гүнд нэвтэрснээр л Африкийн чадавх боломжийг уран сэтгэмж төдий бус бодит байдалд буулгах боломжтой болох юм аа.

Орчуулсан: Ж.Зоригт

Эх сурвалж: Foreign Policy



Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо