Орчлонгийн батгүй, хуурмаг үзэгдэл.

Aucun texte alternatif disponible.
Чойжид бүсгүй гучин зургаан насандаа андуурагдсаны тул үхсэн амьдын зуурдын оронд очиж, Эрлэг номун хааны шүүлтийг нүдээр үзсэний хойно, энэ төрөлдөө буцаж, буян номын мөрийг хөөснөөр дагинын оронд золгосон түүх болой. Буддын сургаалд “Сэтгэл тогтносон цагт амар амгалан оршино.” хэмээн сургаж, бурхангүй шашин хэмээн зарлаж байв. Харин зохиол дээрх шүүлт, там, бурхад, түшмэл зардас хаанаас үүдэлтэй вэ? Сургаалын мөн чанар юу вэ?

Орчлонгийн батгүй, хуурмаг үзэгдлийг очрын ир мэт тасар татахыг сургасан Будда буюу Шагжамунийн сургаал Энэтхэгт түгэхдээ бурхадтай болсныг нийтийн тооллын өмнөх Хиндүизмийн шашны Кришна, Шива зэрэг бурхдын дүр өнөөгийн Бүддын шашны Жамсран, Эрлэг номун хан зэргийн дүртэй төстэйгөөс мэдэж болно. Буддын сургаал цааш түгэхдээ Төвөдийн соёл, онцлогийг уусгаж, цамын бүжиг үүсээд, монголд ирэхдээ “Бүддын” шашнаас “Бурхны” шашин болтлоо хувирчээ.
Аль ч үед нас барагсдаа оршуулах ёс нь хойт насанд итгэх үзлээс улбаатай байдаг. Оршуулах ёсыг дээд хэмжээний соёл болтол хөгжүүлсэн эртний Египетийн шашинд оршуулах ёслолыг анх удаа там ба диваажинтай холбон тайлбарлажээ. Домогт өгүүлснээр хойд насны бурхан болох Озирис нь эхэндээ газар тариалангийн бурхан байсан боловч өөрийн ах, эмх замбараагүй байдлын бурхан Сетэд алуулахад, эхнэр Исис нь түүний биений хэсгүүдийг цуглуулж, нийлүүлэн ороож, дахин амилуулсан нь “Хэрэв одогсдын бие бүрэн биш бол хойд төрөлдөө хүрч чадахгүй” гэсэн үнэмшлийг үүсгэж, занданшуулах ёсыг дэлгэрүүлжээ. Нас барагсад шүүхийн танхимд Озирис бурхны шүүлт, түүний дорх бурхдын хяналтад өөрсдийн амьдрал буюу зүрхийг “Маатын өд”-тэй дэнсэлж, тэнцвэл мөнхийн хутагт золгож, эс бөгөөс тамд хүрэх нь энэхүү зохиолын Эрлэг номун хааны шүүлтийн хэсэгтэй адил тул яг хаанаас үүдэлтэй нь тодорхой болно. Ингэж эртний Египетийн шашин дахь Озирис бурхны домог Хиндүизмээр дамжин Бүддийн шашны суурь ойлголтод нөлөөлж, “Чойжид дагинын тууж” зохиолын гол сэдэл болсон байна.
Үхэх, төрөхийн зааг дахь өчүүхэн бага хугацаанд, хүмүүний заяанд ирсэн чөлөө учралт энэ биеийг олсны тул там тэргүүт муу заяаны аюулыг гэтлэн, нүгэл хилэнц үйлдэвч түүнийгээ гэмшиж, өгөвч хармын сэтгэл үл санан, ававч сэжиглэхүйн ухаанд үл бууж, багш ба настанг тэтгэн өргөмжилж, зөв үйлд хатамжлан зүтгэж, муу санааг сэтгэлийн гүнд хоригтун. Зовлонт ертөнцөөс тонилохын цагт өөрийн үйлд гашуудан харамсахын туйлд хүрэвч авралгүй.
Сайн үйл муу үйлийг цайруулахгүй. Муу үйл ч сайн үйлийг баллахгүй. Үйлдлийг бус гагц зөв сэтгэлийг барих нь л дээдийн амгалан болмуй.
#ЧҮНДЖ.Зоригт

Comments

Popular posts from this blog

Хэл шинжлэлийн салбар ухаанууд

Монголын нууц товчоо