Баабарын орчуулсан "Шинжлэх ухааны товч түүх" номд бичсэн шүүмж
Шинжлэх ухаан. Байгаль, нийгэм, сэтгэхүйн хөгжлийн зүй тогтлыг судлах сургаалуудын тогтолцоо.
Эртний Ромын гүн ухаантан “Шош”-ийн хэлснээр “Гэртээ номгүй бол биедээ сүнсгүй” гэх үгийг санан хот хүрээ орж, номын өргөөгөөр аялах санаа өвөрлөн, их хотоор хэрэн хэсэх үеэр дотны нөхөдтэйгээ уулзан, номын бэлэг авсан нь Билл Брайсоны алдарт шинжлэх ухааны зохиол болох “Шинжлэх ухааны товч түүх” нэрт бүтээл гэдгийг сонсоод ихэд баяртай байв.
Зохиогч Билл Брайсоны бичлэгийн хэв маяг нь хошин хөгжилтэй, өвөрмөцөөс гадна анх удаа шинжлэх ухааны бүтээл туурвихаар зориглосон нь туйлын бахархууштай. Алдарт онолын физикч “Нэг чулуу”-гийн хэлснээр “Боловсрол гэдэг нь сургуульд сураад хожим мартсанаа эргэж санах үйл явц” гэж чухам онож томьёолсныг зохиолч өөрийн биеэр мэдэрчээ. Энэхүү номыг бүтээсэн нь тухайн үеийн /2003 он/ Их Британийн Боловсролын системд томоохон цохилт болсон төдийгүй өөрийн хүүхэд насны мөрөөдлийг бодит хэрэг болгож чадсан юм.
Гэвч мэргэжлийн бус хүн шинжлэх ухааны хялбаршуулсан бүтээлийн судалгаанд 3 жилийн хугацаа зарцуулах нь ямар ч тохиолдолд хангалтгүй. Нийт массад мэдлэг өгөх зориулалтаар нь авч үзвэл хангалттай байж болох ч нарийн баримт судалгаа, тооцоог шинжиж үзвэл сайнгүй бүтээл гэдэг нь мэдэгдэнэ. Тооцооллын алдааны хувьд жишээ авч үзвэл:
9.ХҮЧИРХЭГ АТОМ агуулгын, 170-р талын дээд хэсгийн тодорхойлолтод байх “Таны биенд байгаа атомаас нэг тэрбум нь нэгэн цагт Шекспирийнх байсан ... байж болох юм гэж үздэг” гэсэн хэсэгт тооцоолол хийж үзье. Шекспирийн жинг 80кг гэж үзээд Авогадрын тоо ашиглан атомын тоог тодорхойлбол 200 тэрбум атомтай гэсэн үг. Харин түүнийг нас барснаас хойш өдийг хүртэлх 400 жилийн дотор нийт атомынх нь хоёр зууны нэг нь нэг хүний биеийг бүрдүүлэхэд оролцоно гэдэг магадлалын хувьд боломжгүйтэй адил.
24.ЭС агуулгын, 471-р талын, эхний мөрийн тодорхойлолтод байх “Анхны эс хуваагдан хоёр, хоёр нь дөрөв гэх мэтээр үргэлжилнэ. Ердөө дөчин долоо хуваагдсаны дараа 10 мянган их наяд эс бий болох бөгөөд...” гэх хэсэгт тооцооллыг буруу хийжээ. Ингэж хуваагдах замаар 47 хуваагдвал ойролцоогоор 140 их наяд буюу буруу тооцооллоос даруй 70 дахин бага тоо гарч байна.
Харин одоо буруу ташаа мэдээллийн хувьд жишээ авбал:
11.МАСТЕР МАРКИЙН КВАРКУУД агуулгын, 203-р талын, 11-р мөрд “Ганц секундийн дотор нэг ширхэг электроныг 7 км-ийн хонгилоор 47000 тойрог хийлгүүлж чаддаг” гэсэн нь 7км*47000/1сек=329000км/сек хурдтай эргэдэг буюу гэрлийн хурдыг даван гарч байгаа юм. Яг үнэндээ энэхүү туршилтийг хийсэн Super Proton Synchrotron хэмээх хурдасгуурын хонгилын урт 6.9км бөгөөд секундэд 43000 тойрог замыг туулсан юм. Хонгилын урт болон тойргийн тоог ташаа мэдээлснээс тооцоололд алдаа үүсч байна.
17.ТРОПОСФЕР агуулгын, 326-р талын, 16-р мөрд “1000 метр дээшлэх тусам агаарын температур цельсийн 1.6 градусаар бууж байв” гэснээс “9.8 градус” гэхийг тэс хөндлөн зөрүүлснийг харж болно.
Нийтлэлч Баабар гэх гуншинг хэдэн жил сонсож, хэд хэд хэлэлцэж хэрэлдэж явсны хувьд хэл найруулга, орчуулгын чанар харьцангуй гайгүй болов уу гэж бодтол харин үгүй байж ээ.
6.САРВУУ ШҮДЭЭР НЬ ТАЙЛДАГ УХААН агуулгын, 109-р талын, хажуугийн нэмэлт тайлбарт Mary Anning гэх нэрийг Мэри Эннинг бус Мэри Аннинг хэмээн бичжээ. Гадаад хүний нэр, сэтгүүлийн нэр зэргийг шууд дуудлагаар буюу Бакланд /Buckland/, Нэйчэр /Nature/, Нэйшнл Жеограф /National Geography/ зэргээр галиглан бичсэн өдий олон жишээ байхад яагаад энэ хүний нэрийг дуудлагаар галиглан бичсэнгүй вэ гэдэг нь эргэлзээтэй.
8.ЭЙНШТЕЙНИЙ ЕРТӨНЦ агуулгын, 151-р талын, 18-р мөрд “Энэ ажлынхаа төлөө Майклсон физикийн салбарт Нобелийн шагнал хүртсэнээр анхны америк хүн болсон” гэсэн хэсэгт найруулга, логикийн ямар ч уялдаагүй, хэн нэгний зохиосон шагналыг хүртэж байж америк хүн болох тухай өгүүлсэн байна.
Төрийн шагналт, мэргэжил нэгт анд Б.Цэнддоогоороо редакторлуулсныг энэ ном хэвлэгдэхээс өмнө сонссон сон бол их л таатай хүлээж авах байлаа. Харин нөхөр Цэнддоо сохров уу, үнэхээр эх хэлнийхээ наад захын дүрэм, үгийн үндсээ ч мэдэхгүй байна уу, “Эрэгцүүлэх /эргэцүүлэх/, хадаглагдаж /хадгалагдаж/, бүтээчиж /бүтээчихэж/, Маркын /Маркийн/, дурьджээ /дурджээ/, сохлодог /сохолдог/, богоон /вагон/” зэрэг номын хуудас, талын тооноос ч олон алдаа дурдаж болохоос гадна үсэг гээж бичсэн, үг хооронд зай авалгүй бичсэн зэрэг олон алдаа гаргажээ.
Мэдээлэл хуучирна гэж нэг юм бий. Тухайн үеийн нээлт ололт, техник технологид тулгуурласан баримтууд одоо үед хуучирсан мэдээллийн тоонд орчихсон л байдаг. Энэ номд ч өдгөө цагт хуучирсан мэдээлэлд тооцогдох баримтууд буй. Энэ нь бүрэн нотлогдоогүй зүйлийг таамаглах бус батлах маягаар өгүүлснээс болжээ. Жишээ нь:
26.АМЬДРАЛЫН БҮРДЭЛ агуулгын, 515-р талын дээд хэсгийн тайлбарт “ДНХ-ийн 97 хувь нь ямар ч хэрэгцээгүй үгсийн цуглуулга тул ДНХ гэж нэрлэдэг” гэсэн хэсэгт дурдсан мэдээлэл нь 2012 оны 9-р сард хийсэн нээлтээр энэ “Хогийн” гэж нэрлэгдээд байгаа ДНХ-ын 97 хувийн үүргийг илрүүлж, дээрх тодорхойлолтын худал гэдэг нь батлагдсан.
Хэн нэгний үзэн яддаг, хэн нэгний шүтэн биширдэг, хэн нэгний ширээний ном байх эсэх нь надад чухал биш. Би зөвхөн 30 жилийн дараах миний ач зээ энэ номоор шинжлэх ухааныг танин мэдэх учиргүй гэдгийг баттай хэлж чадна. Гэвч энэ ном нь өнөөгийн Монголын нийгэмд Шинжлэх ухааны бүтээл үнэхээр дутагдаж байсныг нөхөж чадсан номуудын нэгд багтах нь зүй ёсны хэрэг юм.
Comments
Post a Comment